Цогтцэцийн байдал Монголын уул уурхайн толь болж байна

2019 оны 10 сарын 12

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үргэлжлэв.

Цогт-Овоо сумаас Цогтцэций хүртэлх замд нүүрс ачсан машинууд олон салаа замаар давхиж, үргэлжилсэн цагаан тоос манарч байсан юм. Хөндий дүүрэн тэр олон салаа зам газрын хөрсийг ихээхэн эвджээ.

Нүүрсний баялаг ордтой Цогтцэций суманд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн Тавантолгой компани, хувийн өмчит “Энержи ресурс” ХХК гэсэн гурван том компани нүүрс олборлох, экспортлох үйл  ажиллагаа эрхэлж байна. Тийм ч учраас хэлэлцүүлэгт оролцогчид Цогтцэцийн байдал, тус сумын асуудал бол Монгол Улсын уул уурхайн үндсэн асуудал хэмээн онцолж байсан юм.

Цогтцэцийд л уул уурхайн талаар халуун яриа өрнөх байх гэтэл нутгийн иргэд, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, орон нутгийн Тавантолгой компанийн төлөөлөл ирж, харин “Энержи ресурс” ХХК-ийн удирдлага, ажилтнуудаас оролцсонгүй. Тэд ямар нэгэн байдлаар үгээ хэлэхээс айдаг, бас уурхайн ажилтан, ажилтнуудын дунд уугуул нутгийн иргэд цөөн байдгаас орон нутгийн асуудалд хайхрамж муутай ханддаг бололтой. “Энержи ресурс”-ын ганц хоёр төлөөлөл  ирсэн боловч  яагаад ч юм, байр сууриа хэлэлгүй гарч явсан байв.

Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл тавьсны дараа Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн орон нутаг хариуцсан мэргэжилтэн Т.Ганбүргэд, орон нутгийн Тавантолгой компанийн орон нутаг хариуцсан менежер н.Тогтох нар сумын уул уурхайн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа.
 


Хэлэлцүүлгийн санаачлагч “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр хэлэхдээ “Бид хариуцлагатай уул уурхайг дэмжин сурталчлах, хариуцлагагүй уул уурхайг таслан зогсоох, иргэдийн үгийг төрд хүргэх, уурхайчдын тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр ирээд байна. Монгол Улсын уул уурхайн үүц, нүүр царай болсон компаниуд энд ажиллаж байна.

Өмнөговьд Тавантолгой ажиллахад л болно. Төрийн зүгээс уул уурхайн бодлого, концепц буруу явж байна. Үүнээс хойш Өмнөговьд шинэ уурхай нээхийг зогсооё.

Монгол Улсад уул уурхайн хөгжил эдийн засгийн түшиг тулгуур болж буй ч лиценз нэртэй А4 цаасаар газар нутаг худалдан авдаг явдал газар авсан. Өмнөговь аймаг 209 лицензтэй. Тэгэхэд Дорноговийн Даланжаргалан сум 108 лицензтэй байгаа нь Өмнөговь аймгаас 50 хувь шахмаар илүү байна. Чойроос 6 км зайд уурхай ажиллаж байна. Уул уурхай дээр намчирхаж талцалгүй нэг дуу хоолойгоор ажиллах цаг болсон” гэлээ.

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Газар шороогоо сүйтгүүлээд хүлцэнгүй гэрийн эзэн шиг суухыг “Босоо хөх Монгол” тэсвэрлэж сууж чадахгүй. Зүүрмэглэсэн, манантсан юм шиг ард түмнийг сэрээх гэж явна. Бид хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хариуцлагагүйг таслан зогсоохын төлөө явна. Энд бидний тэмцлийн утга учир байгаа юм.

Цогтцэцийд ирэхдээ бид маш олон салаа тоостой зам тууллаа. Энэ бол том асуудал. Газар шороогоо сэндийчсээр энэ сайхан уудам нутагтаа үр хүүхдүүд маань гишгэх газаргүй болбол яах вэ. Монголчууд нэгдэж чадвал асар их хүчтэй, улс орондоо хүчирхэг амьдрах бүрэн боломжтой.

Хэдий уул уурхай ингэж их ажиллаж байгаа ч Цогтцэцийд төрийн өмчийн барилгууд нь хэдэн ч жил засвар хийгдэлгүй хуучирсныг харлаа. Харин хувийн хэвшлийн барилгууд өнгөтэй байна.

Иргэд та бүхэн эх орон, ирээдүй хойч үеийнхээ төлөө тэмцэж байгаарай. Та бүхэн чадна. Үлдсэн газраа нэмж битгий ухуулаарай” гэлээ.

Сумын Засаг дарга О.Бадарч “Нэг талаас байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх бодлого, нөгөө талаас байгаль дэлхий сүйдэж байгаа, ийм жаргал зовлонгийн тэмцэл дунд манай сумынхан амьдарч байна. Сумын уугуул иргэд 2000, малчид 300 гаруйтай. Уурхайчидтайгаа нийлээд нийт 8000 хүн амьдарч байна. Нутаг дэвсгэрийнхээ 50 хувийг уул уурхайд алдсан. Хотжилт эрчимтэй явж байна” гэж байлаа.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж үзэхэд Цогтцэцийд таван сөрөг, нэг эерэг үзүүлэлт гарчээ.

Сөрөг үнэлгээнд усны хомсдол, агаарын тоосжилт, утааны аюул, хөрсний эвдрэл, бохирдол, ургамлын бүрхэвчийн сүйрэл, хүний эрүүл мэндийн байдал багтсан бол сумын эдийн засгийн үзүүлэлт ганц эерэг үзүүлэлт болсон байна.

Зүүнбаян-Тавантолгой, Гашуун сухайт-Тавантолгойн төмөр замууд энэ нутагт ирэх гэж байгаа тул уул уурхай, төмөр замын ажилтнуудыг аль болох уугуул нутгийн залуусаас бэлтгэх талаар бодох ёстойг ч сумын Засаг дарга хэлж байлаа.

Уурхайнууд нийгмийн хариуцлага гэхээр малчдад боодол өвс, хүүхдүүдэд бэлэг өгөх биш, нүүрс тээврийн замаа бүтээн босгох ёстойг хэлэлцүүлгийн үеэр сануулж байсан юм.

Сумын иргэн н.Буяндэлгэр нутагт нь 50 гаруй булаг байснаас одоо дөнгөж 10-аадхан нь хатахын  ирмэгт уйлагнаж байгааг харамсан өгүүлж байв. Өмнөговьд артезийн даралтын ус хоёрхон газарт байдаг, түүнийг ханаж гаргавал хэзээ ч нөхөн сэргэхгүйг мөн анхаарууллаа.

Малчин н. Баянхүү “Малаа хашиж байгалиа хамгаал гэдэг. Энэ боломжгүй. Гол ус хамгаалах гэхээр хашаа татаж хамгаална гэдэг буруу. Мод тарьж байгалиа сэргээх талаар олон удаа хэлж байсан ч сонсдог хүн ч байхгүй, бэлчээр цөлжиж, мал жижгэрч байна. Говьд хайлаас, тоорой, сухай таривал байгаль сэргэх боломжтой. Ус ширгэснэс болж ирдэг ан амьтад нь үргэж, мал хашааны торонд орооцолдож байна. Тоосжилт замбараагүй болж байна.Эмнэлэг тоосонд дарагдаж байгаа. Монгол Монголоороо байж л хөгжинө” гэсэн бол малчин н.Гэрэлмаа “Тавантолгойн бүлэг ордын ашиглалтын нөлөөллийн үнэлгээг төр эхлээд хийх ёстой байсан. Төр тэгээгүй. Бушуухан эргэлтэд оруулах гээд баахан лиценз өгсөн. Одоо хожигдоогүй, хийх ёстой. Энэ асуудлыг төр мөнгө хаяж байж шийдэх ёстой. Төр ард иргэдээ сэтгэл ханамжтай байлгах ёстой. Тавантолгойн бүлэг орд дээр төр бодлогоо хэрэгжүүлэх ёстой” гэж байлаа.

Мөн Цогтцэцийд 10-аад жил ажиллаж буй Түмэнзаг компани Энержи ресурсын хаягдлын далангаас нүүрс гаргаж экспортлодог боловч ус ашиглалт зэрэг нэлээд зүйл нь бүрхэг байдгийг Өмнөговь аймгийн “Босоо хөх Монгол” ТББ-ын салбарын тэргүүн Ц.Бүдээ шүүмжиллээ. Мөн стрөтегийн ордоос нутгийн иргэд илүү хувь эзэмших ёстойг ч хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв.

Цогтцэций сумын иргэд нүүрс тээврийн замыг тусад нь барих, усны нөөц ашиглалтад хяналт тавих зэрэг тулгамдсан асуудлууд байгааг төрд уламжилж өгөхийг хүсч байсан юм.

Цогтцэцийн байдал  Монголын уул уурхайн толь болж буйг энэ бүхнээс харж болохоор байлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top