Испанид парламентын ээлжит бус сонгууль боллоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Өнгөрсөн ням гарагт Испанид сүүлийн дөрвөн жилд дөрөв дэх удаагаа болж буй парламентын сонгуулийн санал хураалт боллоо.

Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, сонгогчдын идэвх 57 хувьтай байжээ. Өмнө нь буюу энэ оны дөрөвдүгээр сард болсон ээлжит бус сонгуулийн санал хураалтын ирц 61 хувьтай байв. Испанид сонгуулийн насны 37 сая хүн бүртгэгдсэнээс хоёр сая орчим нь гадаадад амьдардаг аж.

Урьдчилсан дүнгээр, Испанийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчесын тэргүүлсэн Испанийн социалист хөдөлмөрийн нам парламентын доод танхимын 350 суудлаас 122 суудал авч, 28.5 хувийн саналаар ялалт байгуулаад байгаа бол хэт барууны “Vox” нам 53 суудал авчээ.

Санал хураалтын үеэр ноцтой зөрчил илрээгүй ч Каталон мужийн Ампоста хотын санал хураалтын байранд галт зэвсэг бүхий 70 настай эрэгтэйг саатуулсан хэрэг гарчээ.

Испанийн доод танхимд баруун ч тэр, зүүний ч тэр намууд дийлэнх олонхын 176 суудал аваагүй тул засгийн газрыг бүрдүүлэх тал дээр яриа хэлэлцээ хийх болж байна.

Испанид ээлжит сонгууль 2020 онд болох ёстой байсан хэдий ч парламентын доод танхим буюу Конгресс засгийн газраас өргөн барьсан 2020 оны төсвийн төслийг дэмжээгүй тул Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчес 2019 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргаж байв. Энэ санал хураалтаар Испанийн социалист хөдөлмөрийн нам ялалт байгуулсан нь дийлэнх олонхын суудал авч чадаагүй юм. Тус намын гол холбоотон болох зүүний “Подемос” нам эвслийн засгийн газар байгуулахыг шаардаж байсан бөгөөд зүүний чиглэлийн тус хоёр нам тохиролцоонд хүрч чадаагүйгээс дахин ээлжит бус сонгууль зарласан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top