ЧУУЛГАН: Тэтгэврийн зээлийг тэглэхийг үзэл баримтлалын хувьд дэмжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 41 гишүүний 80.5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй буй бөгөөд тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн сайд С.Чинзориг мэдээллээ.

Тиймээс тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 2017, 2018 онуудад тус бүр гурван хувиар, 2019 онд хоёр хувиар бууруулж 10 хувьд, нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэсэн гэлээ. Түүнчлэн сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар шийдвэрлэсэн байна.

Ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан аж. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байна.

Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Ийнхүү “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл” нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байна хэмээн сайд С.Чинзориг хэлсэн.

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх арга хэмжээ авч буйтай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоох юм уу өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүн бий болгох нь зүйтэй гэсэн саналыг Ажлын хэсэг гаргажээ. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд байгалийн баялгаас олох орлогын өгөөжөөс хүртэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Санал хураалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Маргааш байнгын хороодын хуралдаантай. 09.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганаар оруулж ирээрэй” хэмээснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(103.80.211.134) 2020 оны 01 сарын 09

АХмадуудыг хагаргаж ялгаварлаж яаж чадаж бна аа ..МАН ОЮУНХОРОЛЫН ХИЙСЭН ГАЙ

0  |  0
БҮХ АХМАДУУДАА ӨГ(202.9.46.164) 2020 оны 01 сарын 09

ҮНЭХЭЭР Л ШИНЭ ОНЫ ӨМНӨ 100 ТЭР БУМЫН ЗЭЭЛ ГАРСАН НЬ ҮНЭН ЮМ БОЛ АРД ТҮМЭНДЭЭ ЗАРЛААД НААД БУЗАР БУЛАЙГАА ЗОГСООЧИХ ТЭГЭЭД БҮГДИЙГ НЯГТЛАЖ ШАЛГАЛГАЖ ҮЗ ӨНДӨР НАСТАНГУУД ТИЙМ ИХ МӨНГӨ АВАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ ХЭРЭВ ҮНЭН БОЛ ЛУЙВАР Л ОРСОН БАЙНА, ХӨГШЧҮҮЛ ОДООХОНДОО АРАЙ Ч ӨЛСӨЖ ҮХЭЭГҮЙ Л БАЙНА НААД ЗАВААН АСУУДЛЫНХАА УЧРЫГ НЬ ОЛЧИХООД ТЭТГЭВЭР НЭМЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД ЗЭЭЛ ТЭГЛЭХ МӨНГӨ ӨГӨХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЗЭЭЛ АВСАН АВААГҮЙ БҮХ АХМАДУУДДАА ЯГ ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ 1 УДАА ОЛГОЧИХ ТЭР МӨНГӨӨРӨӨ ЗЭЭЛЭЭ БҮТЭН ДАРЖ ЧАДАЖ БАЙГАА НЬ ДАРАГ, ДАРЖ ЧАДАХГҮЙ НЬ ҮЛДЭГДЭЛ ЗЭЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ДАРАНА БИЗ ЭЭ. ЗЭЭЛ АВААГҮЙ..

0  |  0
БҮХ АХМАДУУДАА ӨГ(202.9.46.164) 2020 оны 01 сарын 09

ҮНЭХЭЭР Л ШИНЭ ОНЫ ӨМНӨ 100 ТЭР БУМЫН ЗЭЭЛ ГАРСАН НЬ ҮНЭН ЮМ БОЛ АРД ТҮМЭНДЭЭ ЗАРЛААД НААД БУЗАР БУЛАЙГАА ЗОГСООЧИХ ТЭГЭЭД БҮГДИЙГ НЯГТЛАЖ ШАЛГАЛГАЖ ҮЗ ӨНДӨР НАСТАНГУУД ТИЙМ ИХ МӨНГӨ АВАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ ХЭРЭВ ҮНЭН БОЛ ЛУЙВАР Л ОРСОН БАЙНА, ХӨГШЧҮҮЛ ОДООХОНДОО АРАЙ Ч ӨЛСӨЖ ҮХЭЭГҮЙ Л БАЙНА НААД ЗАВААН АСУУДЛЫНХАА УЧРЫГ НЬ ОЛЧИХООД ТЭТГЭВЭР НЭМЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД ЗЭЭЛ ТЭГЛЭХ МӨНГӨ ӨГӨХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЗЭЭЛ АВСАН АВААГҮЙ БҮХ АХМАДУУДДАА ЯГ ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ 1 УДАА ОЛГОЧИХ ТЭР МӨНГӨӨРӨӨ ЗЭЭЛЭЭ БҮТЭН ДАРЖ ЧАДАЖ БАЙГАА НЬ ДАРАГ, ДАРЖ ЧАДАХГҮЙ НЬ ҮЛДЭГДЭЛ ЗЭЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ДАРАНА БИЗ ЭЭ. ЗЭЭЛ АВААГҮЙ..

0  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 01 сарын 09

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байна гэдэг нь шал худлаа. Яагаад гэвэл тэр ашгийг олон түмэн хүртэхгүй, тэтгэвэрээ урьдчилж авсан хэдэн хүнд нэг удаа өгсөн нэрээр биднийг хулхидаж байна.

1  |  0
нам бус(202.9.46.12) 2020 оны 01 сарын 09

Тамын тогооны үлгэрээсээ хэзээ салах юм бэ монголчууд аа. Эсэргүүцээд байгах ШИНЭ намын хоёр дуракийг бүү сонгоорой.Мөн хэлэлцэхийн эсрэг кноп дарсан 8 гишүүнийг бүү сонгоорой. 20р тогтоол шиг нууц тогтоол гаргаад шууд шийдчих байсан юм.Эсэргүүцсэн болгоныг шууд ....

0  |  2
Top