НЗДТГ: "Нарантуул" болон томоохон худалдааны төвүүдийг ХААХГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

НЗДТГ-ын хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал  “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Захирамжид шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кино театрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан.

Мөн 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглож байна. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах Ажлын хэсэг гарган хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “"Нарантуул" зах болон томоохон худалдааны төв, захуудыг хаах гэж байна гэсэн ташаа мэдээлэл цацагдсан. Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй. Хаах асуудал  ч яригдаагүй. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах шаардлага байхгүй. Үүнтэй холбоотойгоор хомсдол үүсгэх, бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх байдал гарч болзошгүй тул иргэдийг бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр нөөцлөх шаардлага байхгүй гэдгийг дуулгая. Харин зах, худалдааны төвүүдийг ариутгалаа сайн хийх үүргийг өгч ажиллаж байна”  гэлээ.

 

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top