"Хурд"-ынхан Улсын онцгой комисст 284 сая төгрөг хандивлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

“Хурд” хамтлаг жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдэдээ зориулан, тоглолт зохион байгуулдаг. Хэдийгээр КОВИД-19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод байсан ч тус хамтлаг санаачилга гарган “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтыг амжилттай зохион байгуулсан.

“Буцааж нэхэхгүй хайр” тоглолтын үеэр нийт 274 сая төгрөг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас төвлөрсөн. Мөн тоглолтын дундуур гарсан зар сурталчилгааны орлого болох 10 сая төгрөг нийт 284 сая төгрөгийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өгөв.

Шадар сайд энэ үеэр “Хурд хурдтай байлаа. Та бүхэн урлаг соёлын салбарынхныг түүчээлэн санаачилга гаргалаа. Дуу хөгжмөөрөө, эх оронч үзлийг оргилуулан ард түмнийг дагуулж байдаг та бүхэнд их амжилт хүсье. Монгол түмэндээ, хамтрагч Монгол телевизийн хамт олонд баярлалаа” гэсэн юм.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан цахим тоглолт “Монгол” телевиз болон Онцгой байдлын ерөнхий газар, Хурд, Монгол ТВ пейж хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн юм.

Тоглолт гурван цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд хандивын арга хэмжээнд 27900 гаруй иргэн нэгдсэн байна гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цогоо(66.181.161.32) 2020 оны 03 сарын 17

Bayr hurgi

0  |  0
irgen(202.21.126.22) 2020 оны 03 сарын 16

Uneheer sanaachilgatai bna shu HURD hurdtai bn bayar hurgey

2  |  0
Top