Ирландад хоригдлуудын заримыг суллах санал гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17


Ирландын шийтгэл гүйцэтгэх алба (IPS) КОВИД-19 коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорих газруудад ял эдэлж буй хоригдлуудын заримыг  түр хугацаанд суллах санал гаргажээ.

Орон нутгийн The Journal сайтад мэдээлснээр, саналыг Ирландын хууль зүйн яаманд хүргүүлсэн байна. Санал дэмжигдсэн тохиолдолд нийгмийн хэв журам, аюулгүй байдалд аюулгүй гэх 200 орчим хоригдлыг түр суллана гэж IPS мэдээлжээ. Одоогоор тус улсад нийт 4200 орчим хүн ял эдэлж байгаа аж. Энэ сарын 12-ноос эхлэн тус улс хорих газруудад эргэлтийн тоо, хугацааг багасгах, амьсгалын замын өвчтэй хүмүүсийг эргэлтээр оруулахыг хориглох зэрэг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Хоригдлуудын 60 орчим хувийг Ирландын хүн амын ядуу, эмзэг бүлгийнхэн эзэлдэг бөгөөд ужиг хууч өвчтэй хүмүүс байдаг байна.

Ирландад шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдолд өнгөрсөн сарын 29-нд илэрчээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт 169 хүн халдвар авснаас хоёр нь нас баржээ.

 

Top