Хорио цээрийн дэглэм зөрчвөл улс орнууд ямар шийтгэл оногдуулдаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн тохиолдолд дэлхийн улс орнууд ямар шийтгэл оногдуулдаг вэ?

Австралид өөрийгөө тусгаарлахаас татгалзсан коронавирусний халдвар авсан иргэнд нэг хүртэл жилийн хорих ял эсвэл 50 мянган ам.долларын торгууль ногдуулж байна. 

Аргентинд хорио цээрийн дэглэмийг зөрчсөн тохиолдолд 3-15 жилийн хорих ял оноож, 1.6 мянган ам.долларын торгууль ногдуулдаг. Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх баригчдын хэрэгжүүлж буй арга хэмжээг зөрсөн тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд хорих шийтгэл хүлээдэг аж.

Израилд санамсаргүй байдлаар хорио цээрийн дэглэм зөрчсөн бол гурав хүртэл жил, санаатайгаар зөрчсөн бол долоо хүртэл жилийн хорих ял оноодог.

Италид хорио цээрт орсон хотоос гарах, тусгай зөвшөөрөлгүй гадаа гудамжинд гарсан тохиолдолд гурав хүртэл сарын хорих ял эсвэл 206 еврогийн торгууль төлөх шийтгэл оногдуулдаг байна.

Испанид онцгой байдлын үеэр эрх баригчдын зарлиг, хориг, зөвлөмж, хүсэлтийг биелүүлээгүй тохиолдолд 1.5-600 мянган еврогийн торгууль ногдуулах заалттай.

Хятад улсад хорио цээрийн дэглэм зөрчсөн этгээдэд торгууль, баривчилгаа эсвэл гурав хүртэл жилээр хорих ял ногдуулдаг. Тус улсын хилээр нэвтрэхдээ хорио цээрийн хяналтад орох, ариун цэврийн хяналтын албаны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 5000 юанийн торгууль ногдуулдаг байна.

Кыргыз улсад ийм төрлийн зөрчилд 260 мянган сом буюу дөрвөн мянган ам.долларын торгууль эсвэл 2-5 жилийн хорих ялаар шийтгэдэг байна.

Мальтад 14 мянган еврогийн торгууль ногдуулдаг бол Польшид хорио цээрийн дэглэмийг зөрчсөн, өвчлөлийн талаарх мэдээллийг нуун дарагдуулсан бол 1.2 мянган еврогийн торгууль төлнө.

БНСУ-д эмнэлгийн дүрэм журам, хорио цээрийн дэглэмийг зөрчсөн этгээдэд 10 сая хүртэл воны торгууль эсвэл нэг хүртэл жилийн хорих шийтгэл оногдуулдаг байна.

Сингапурт халдварт өвчний тухай хуулийг зөрчсөн этгээдэд долоон мянган ам.доллар, 1.5 жилийн хорих ял оногдуулах заалттай.

АНУ-д хорио цээрийн арга хэмжээг холбооны болох орон нутгийн эрх баригчид тодорхойлох эрхтэй байдаг. Висконсин мужид гэхэд халдвар авснаа мэдсэн хэдий ч карантинд ороогүй хүнийг 500 ам.доллароор торгох эсвэл 30 хүртэл хоногоор баривчилдаг байна. Вайоминг мужид энэ төрлийн зөрчилд 10 мянган ам.долларын торгууль ногдуулж, нэг жилээр хорьдог бол Техас мужид зургаан сар хүртэл эрх чөлөөг нь хязгаарлаж, хоёр мянган ам.доллароор торгодог аж.

Франц улсад хорио цээрийн дэглэмийг зөрчсөнд шийтгэл ногдуулах хуулийн заалт байдаггүй ч Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу хүн амын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчний үр дагаврыг урьдчилан сэргийлэх, хязгаарлах зорилгоор эрүүл мэндийн сайд нь эрсдэлтэй дүйцэхүйц арга хэмжээ авах тушаал буулгах эрхтэй.

Чех улсад хорио цээрийн дэглэмийг зөрчсөн тохиолдолд 130 мянга хүртэл ам.долларын торгууль ногдуулдаг байна.

 

Top