БНСУ-д сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

БНСУ-ын Засгийн газар өнөөдрөөс /2020.05.06/ эхлэн коронавируст халдварын тархалттай холбогдуулан тогтоосон “Нийгэмд зай барих” дэглэмийг сулруулан, “Ахуйн хүрээнд зай барих” дэглэмд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Цаашид халдварын нөхцөл байдлаас хамаарч “Ахуйн хүрээнд зай барих”, “Нийгэмд зай барих”, “Чангатгасан арга хэмжээ” зэрэг хөл хорио тогтоох 3 дэглэмээс үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх боллоо. 

Ахуйн хүрээнд зай барих зөвлөмж нь хувь хүний түвшинд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийгмийн харилцаанд хэвийн оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бөгөөд энэ дэглэмд шилжсэнээр гадуур чөлөөтэй гарах, уулзалт зохион байгуулах, нийгмийн хамгааллын байгууллагын үйл ажиллагааг сэргээх, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал, талбай, сүм хийдийн цуглаан, музей, театр үзвэр үйлчилгээний төвийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж ажиллана.
 


Хэдийгээр улс орон даяар хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа боловч амны хаалт зүүх, хүн хоорондын 2 метрийн зай барих, халуурах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл гэрээс ажиллаж, биеэ ажиглах зэрэг үндсэн журмууд хэвээр мөрдөгдөнө.

Түүнчлэн БНСУ-ын Боловсролын яам тавдугаар сарын 13-ны өдрөөс төгсөх ангийн болон ахлах ангийн сурагчдын, тавдугаар сарын 20-ноос дунд сургуулийн төгсөх ангийн, бага сургуулийн 1-2 ангийн, тавдугаар сарын 27-ноос 3-4 анги, зургаадугаар сарын 1-нээс 5-6 ангийн сурагчдын танхимын сургалтыг эхлүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top