КОВИД-19 | ОХУ олон төрлийн вакцин үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Хойд хөрш ОХУ-д хоногт коронавирусний халдварын 7425 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 153 хүн нас баржээ. Нийт нас баралт 8359 болж, халдварын тоо 599.705-д хүрсэн байна.

Орост идэвхгүйжүүлсэн вакциныг эрүүл мэндийн ажилчдад туршиж эхэлсэн бөгөөд үр дүнтэй байвал найм, есдүгээр сараас идэвхжүүлж эхлэх гэнэ. Вакцин сүргийн дархлаа үүсгэдэг эсэхийг судалж байгаа аж. ОХУ-д цаашдаа олон төрлийн вакцин үйлдвэрлэхээр бэлэн байдлаа хангаж байгаа талаар тус улсын ЭМЯ-наас мэдээлсэн байна.

Тэгвэл Германд мах боловсруулах үйлдвэрт гарсан халдварын голомтоос 1500 гаруй ажилчин халдвар авчээ. Тус улсад хөл хорионд орсон хоёр дүүрэгт кино театр, музей зэрэг олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг түр хаасан байна. Мөн сүмийн үйл ажиллагаатай холбоотой жижиг голомтууд Берлин болон бусад хот, дүүрэгт илэрчээ.

Номхон далайн баруун бүсэд Японд хоногт 43 шинэ тохиолдол батлагдсаны 40 нь дотоодын халдвар аж. Коронавирусний шалтгаант нас баралт хоёроор нэмэгдсэн байна.

Өмнөд Солонгост 51 шинэ тохиолдол батлагдсаны 31 нь дотоодын халдвар аж. Халдварын ихэнх нь Сөүл орчмын бүс нутагт илэрчээ. Сөүл орчмын нутаг дэвсгэрт халдварын хоёр дахь давлагаа өрнөж байгааг мэдэгдсэн байна. Намар улирлын томуу эхлэх үеэр хоёр дахь давлагаа эхэлнэ гэсэн тооцооллыг хийж байна.

Хятадад 12 шинэ тохиолдол илэрсний ес нь дотоодын халдвар бөгөөд нийслэл Бээжин хотод бүртгэгджээ. Урд хөршид шинж тэмдэггүй халдварын гурван тохиолдол бүртгэгдсэний нэг нь Бээжин хотод илэрчээ. Тус хотын хүнсний захаас голомттой тохиолдлын тоо 256 болсон байна.

 

Top