КОВИД-19 | Бээжинд халдварын голомтын хүрээ өргөжих хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Коронавирусний халдварын тархалт дэлхийн бусад оронд ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Хойд хөрш ОХУ, Буриад, Тува, Чита мужид өвчлөл тасралтгүй хурдтай нэмэгдсээр байна. Буриадад хоногт 48 хүн шинээр халдвар авчээ. ОХУ-д нийт халдварын тоо 606 мянга хол давж, нас баралт 8513 болжээ.

Тэгвэл АНУ-д хоногт 34300 гаруй шинэ тохиолдол, 784 нас баралт бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүний тоо 2.4 сая болсноос 123 мянга гаруй хүн энджээ. АНУ-д халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархсан хэвээр байна. Харин Нью-Йорк, Нью Жерси, Коннектикут зэрэг мужид халдварын тархалтыг хяналтдаа оруулжээ.

Бразилд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42700 хүн халдварлаж, 1100 хүн нас барсан байна. Тус улсад халдварын нийт тоо өссөн дүнгээр 1.2 саяд ойртлоо. Нас баралт 53874 болсон бол 650 мянга орчим хүн эдгэрчээ.

Зүүн Өмнөд Азид Энэтхэгт 24 цагийн хугацаанд 16 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэв. Тус улсад нийт халдвар 456 давж, халдварын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигджээ.

Тэгвэл Герман улсад шинээр 587 халдвар бүртгэгдэж, 19 хүн нас баржээ. Нийт халдвар 193 мянга гаруй болж, мах боловсруулах үйлдвэрийн голомтоос 1000 гаруй хүн халдвар аваад байна. Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр тус улсад нийт 27154 эрчимт эмчилгээний ор бүртгэлтэйгээс 65 хувийн ашиглалттай, 35 хувь нь сул байгаа аж. Иргэд амны хаалтыг заавал зүүх, зай барих арга хэмжээг мөрдүүлсэн хэвээр байгаа бөгөөд халдвар авсан хүнтэй харьцсан тохиолдолд мэдээлэх апп-ийг гаргасан ч иргэд сайн дурын үндсэн дээр хэрэглэж байгаа гэнэ.

Тэгвэл Өмнөд Солонгост хоногт 28 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Шинэ тохиолдлын 18 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн байна. Мөн Бусаны боомтод байгаа ОХУ-ын хөлөг онгоцны ажилчид дотроос халдвар авсан тохиолдол нэмэгджээ.

БНХАУ-ын эх газарт ковидийн халдварын голомтын хүрээ өргөжих хандлагатай байгаа аж. Мөн АНУ, Герман зэрэг улсад хүнс, хүнсний зах, мах боловсруулах газруудад халдвар тархах эрсдэлтэй байгааг ДЭМБ анхаарууллаа.

 

Top