Нийслэлийн спортынхон амжилт арвин байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэ түүх ойн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас олон ажлыг улс орон даяар зохиож байна. Тус ойн хүрээнд Нийслэлийн Биеийн тамир спортын хороо/ БТСХ/-ноос өчигдөр хийж бүтээсэн ажлаа ард олонд тайлагналаа. Нийслэлийн «Хангарьд» ордны танхимд зохион байгуулсан уг арга хэмжээ спорт сонирхогчид болон спортын салбарынханд хүртээмжтэй, нээлттэй мэдээллийг хүргэсэн гэдгээрээ онцлогтой болов. Жил бүр нийслэлийн биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн спортын газраас ажлаа тайлагнадаг болоод чамгүй хэдэн жилийн нүүрийг үзжээ. Энэ арга хэмжээнд нийслэлийн бүхий л дүүргийн БТСХ-ныхон идэвхтэй оролцож өнгөрсөн цаг хугацаанд зохион байгуулсан тэмцээн, уралдаан болон ямар тэмцээнд хэрхэн амжилт үзүүлсэн зэрэг ажлаа олон нийтэд дэлгэн харууллаа. Нийслэлийн дүүргүүдийн БТСХ-ны харьяа дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа ард иргэд тэр дундаа хүүхэд залуусыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг түлхүү хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байдгаа онцлон тэмдэглэж байв. Монгол орон даяар Хүүхдийн спортын дөрөвдүгээр их наадмын өмнөх сонгон шалгаруулах сорилт тэмцээнийг амжилттай явуулж тэндээс шалгарсан спортын өсвөрийн шилдгүүдийг нийслэл болон Орхон аймагт зохион байгуулсан шигшээ тэмцээнд оролцуулж шилдгийн шилдгүүдийг тодруулсан байна. Эдгээр уралдаанд нийслэлийн БТСХ-ны дүүргийн БТСХ-дын баг тамцрчид манлайлан оролцож, өсөх ирээдүйтэй олон шилдэг өсвөрийн тамирчдыг спорт холбоодод таниулж өглөө.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top