КОВИД-19 | Залуусын дунд өвчлөл нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Америкийн эрдэмтдийн судалгаагаар коронавирусний халдвар бөөлжих, ханиалгах, гүйлгэх гэсэн дарааллаар голчлон илэрч байгаа аж. Түүнчлэн АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын төвийн захирал халдвар сүүлийн үед залуу хүмүүсийн дунд ихээр гарах болсныг хэлжээ. Тэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч араас нь бусад эрхтэн, зүрх судасны өвчний өөрчлөлтүүд гарч байна. Иймээс залуус эрүүл мэнддээ анхаарч, гараа савандаж угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэргийг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэй.

Мөн хүмүүс спортоор хичээллэхдээ бие биедээ хүрэлцдэггүй спортоор хичээллэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Коронавирусний халдвар шүлсээр, агаар дуслын замаар дамжиж байгааг дахин сануулъя. Зарим улс оронд хүмүүс бие биедээ хүрэлцэхгүй байж, холоос мэндчилэх арга ч дэлгэрчээ.

Европт өвчлөл эргээд нэмэгдэж байгаа учир амны хаалт зүүх дэглэм хатуу хэрэгжиж эхэлжээ. Мөн АНУ-ын Хойд Каролина мужид коронавирусний халдвар нэмэгдсэн байна. Иймээс зарим дээд сургуулийн үйл ажиллагааг хааж, онлайн хэлбэрт шилжүүлжээ. Австралийн Виктория мужид дотоодын аялагчдаас эх үүсвэртэй халдвар нэмэгдсэн учир аялалд яваа хүмүүс халдвараас хамгаалах аргыг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй болсон байна.

 

Top