КОВИД-19 | Эрэгтэйчүүд хүнд өвчлөх магадлал өндөр

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Азийн орнуудад коронавирусний халдварын тархалт Японд илүү нэмэгдэж байна. Тус улсад хоногт 13 хүн нас барж, халдварын тоо болон эндэгдэл өнгөрсөн өдрөөс нэмэгджээ. Тэгвэл Өмнөд Солонгост хоногт 441 хүн халдвар авсны долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Тус улсад орны ашиглалт 75 хувь болж нэмэгджээ. Мөн зөвхөн коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчлэх 200 гаруй ортой эмчилгээний төвийг шинээр ажиллуулахаар болсон байна. Сөүл хотын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, сургалтыг цахим хэлбэрээр явуулахаар болжээ. Өмнөд Солонгосын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс коронавирусний халдвар орон даяар дахин нэмэгдэх магадлалтай байгааг анхааруулсан байна. Иймээс иргэд дотоод, гадаад орчинд заавал амны хаалт зүүж, зүүгээгүй бол торгох арга хэмжээ авах аж.

Канадын эрдэмтдийн судалгаагаар нэг ангид хичээллэх хүүхдийн тоо олон байх тусам халдварын тархалт нэмэгдэж байна гэжээ. Нэг ангид 20 хүртэлх хүүхэд байх нь зөв гэсэн байна.

Түүнчлэн АНУ-ын эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дархлааны хариу урвалыг судлахад эрэгтэйчүүд коронавирусний халдвараар илүү хүнд өвчилж, нас барах магадлал өндөр байна гэжээ. Иймээс амны хаалт тогтмол зүүх, гараа савандаж угаах, хүн хоорондын зай барих, архи, тамхинаас татгалзах, биеийн жингээ хэвийн хэмжээнд барихад анхаарах нь хүн бүрийн эрүүл мэндийнхээ төлөө мөрдөх зайлшгүй алхам юм.

 

Top