КОВИД-19 | Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хяналтаа өндөржүүл

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Дэлхийн 216 улсад бүртгэгдсэн коронавирусний халдвараар нийт 24 сая 170 мянга гаруй хүн өвчилж, 828 мянган хүн нас бараад байна. 17 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өвчлөл 4-5 хоногт нэг саяар нэмэгдсэн байна. Хоногт 267 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн энджээ. Өвчлөл өмнөх өдрийнхөөс 52 мянгаар нэмэгдлээ.

Ази, Европын олон оронд өвчлөл голомтлон тархаж, дахин эрс нэмэгдэх хандлагатай байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Өвчлөл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь сүм хийд, цэнгэлдэх хүрээлэн, шөнийн цэнгээний газруудад олон хүн цугларч, хүний бөөгнөрөл үүссэнтэй холбоотой аж.

Иймээс улс бүр аюулгүй орчин бүрдүүлэх талаар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй болжээ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед хүн бүр, ялангуяа эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй байна.

Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлтүүд нэмэгдэх хандлагатай байгаа учир улс орнууд урьдчилан сэргийлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхааруулжээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 4711 шинэ тохиолдол, 121 нас баралт бүртгэгдсэн байна. Орост сүүлийн долоо хоногт халдвар нэмэгджээ. Тэгвэл Хятадад хоногт 30 тохиолдол илэрсний ес нь зөөвөрлөгдсөн байв.

Японд хоногт 865 тохиолдол, 11 нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус улсад сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл, эндэгдэл нэмэгдэж байна. Иймээс амьдралын шинэ хэв маягт шилжиж байгаа аж. Амны хаалт зүүх, зай барих, олон хүнтэй газраар явахгүй байх, агааржуулалт муутай орчинд орохгүй байхыг дагаж мөрдөх болжээ.

Өмнөд Солонгост шинээр 371 хүн халдвар авч, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

 

Top