“Гал үндэстэн” холбооныхон Сэлэнгэ аймагт маш нууц алтны уурхай илрүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21


 

“Гал үндэстэн” холбооныхон “Нутаг чөлөөлөх” ажлаа үргэлжлүүлсээр байна. Тэд “Сентерра гоулт” компаний хууль бусаар орд газар ашиглаж байгааг удаа дараа шүүмжилж байв. Тэгвэл саяхан тус компанийхан “Гал үндэстэн”-үүдийн өмнө “цагаан тугаа” өргөн “бууж” өглөө.  “Урт” нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах талаар хөшүүн хойрго хандаж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд “Гал үндэстэн” холбооныхон ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Нум сум агсаж, морьдоо сойсон “Гал үндэстэн” холбоог зарим нь үймээн самуун дэгдээх нь гэж эмээж байлаа. Гэтэл тэд хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэгчийг сануулж, хууль зөрчиж байгаа компанийхантай тулж уулзан ярилцсаар буулган авч, үйл ажиллагааг нь зогсоосоор байна. Сэлэнгэ аймгийн нутагт алт олборлож байгаа “Пурам” компани тэдэнд удахгүй үйл ажиллагаагаа зогсоохоо амалсан. Тус аймгийн Баянгол сумын нутаг дахь Эрт булаг гэдэг газарт “Бүүргэнт” компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн тэндээс холгүй Бага мухарын аманд  “Пенинсуламайнинг” компани ажиллаж байгаа юм байна. Дархан-Уул аймгийн Шарын голын эрэг дэх “Алтан хөндий”, “Альфа оргил”, Зүнма” “Дадиэн” компаниуд бас морьтонгуудын тулган шаардах бичгийг хүлээн авчээ.   Мөн нэгэн хачирхалтай үйл явдал ч морьтон “Баатар”-уудад тохиолдсон байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас маш нууц байдалд үйл ажиллагаагаа явуулж байсан алтны уурхайг илрүүллээ. Гаднаас нь харахад шавар дан байшин байх юм гэнэ. Уг байшингийн дотор талд доошоо 30 метр үргэлжилсэн хонгилтой. Тэндээсээ газрын гүн рүү орсон цооногтой ажээ. Энэ байшинд 6 хятад иргэн алт олборлож байв. “Гал үндэстэн” холбооныхон ийм мэдээллийн мөрөөр хүрч очиход тэдгээр хятадууд зугтаж амжсан байлаа. Байшинд нь Хятадын гурван иргэний паспорт, бусад бичиг баримт, хайгуулын лиценз үлдсэн байв. Өөрөөр хэлбэл хятадууд энд хайгуулын лицензээр алт ухаж байжээ. Ийм ноцтой баримт олж илрүүлсэн “Гал үндэстэн”-үүд орон нутгийн удирдлагуудтай хариуцлага тооцох, цаашлаад холбогдох яам, агентлагуудтай мөн тооцоо бодохоор боллоо. Ингэж засгийн газрын үйл ажиллагаанд бодитоор тусалж байгаа холбооныхон Өвөрхангай аймаг руу хүлгийн жолоог залахаар шийдсэн байна. Тэнд олон уурхай хууль бус үйлдэл хийсээр байгаа гэнэ. Зарим нь морьтонгуудыг үл тоох хандлага гаргасан тул ширүүхэн үзэлцэх бололтой.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top