Халдвар гарсан 6 аймаг, нийслэлд 3 тэрбумын ДЭМЖЛЭГ үзүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.02) болж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор хэд хэдэн шийдвэр гаргалаа. 

Энэ талаар Онцгой комиссын гишүүд мэдээлэл хийж байна. 

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Зургаан аймаг, Улаанбаатар хотод Засгийн газрын нөөц хөрөнгөөс 3 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Цар тахалтай холбоотойгоор төлөвлөөгүй зардал нэмэгдсэн тул санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цар тахлын үед гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220 гаруй мянган өрхөд сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөлттэй үнээр худалдахаар боллоо. Уг хөнгөлөлт арванхоёрдугаар сарын 3-наас эхэлж, 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Нэг тонн шахмал түлшийг 75,000 төгрөгийн үнээр худалдана. Сүхбаатар, Алтанбулаг боомт, Цагааннуур, Эрээнцав боомтод анхаарал тавьж ажиллана. Ажлын хэсгүүд боомтуудад ажиллахаар явсан. 

Зайлшгүй шалтгаануудын улмаас зарим боомтуудыг хааж болохгүй. Нефть бүтээгдэхүүн тээвэрлэн оруулж ирдэг боомтуудыг хаавал шатахуун литр тутамдаа дунджаар 150 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй. Замын-Үүд боомтод дотоодын халдвар гарсан тул тэнд ажлын хэсэг ажиллаж байгаа. Эрүүл бүсээр зарлаж байгаа Өмнөговь аймагт онцгой анхаарч байгаа. Түүнчлэн Орхон аймаг зэрэг найман цэг тусгайлсан чиг үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ. 

Мөн тусгай үүргийн нислэгийн тухайд "Нийслэлд кластер байдлаар тархсан коронавирусний голомт тусгаарлах байрнаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс тусгаарлах байрны үйл ажиллагааг сайжруулах үүднээс тусгай ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хяналт шалгалт хийЖ дуусангуут энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Гэхдээ арванхоёрдугаар сарын 10 хүртэл тусгай үүргийн нислэг хүлээж авахгүй. Хугацааг нь тухайн үед нь мэдээлнэ. Өнгөрсөн хугацаанд тусгаарлах байруудад кластер голомтын ойрын хавьтлуудыг тусгаарлаж байсан. Одоо эхнээсээ тусгаарлалтын хугацаа дуусаж, байрны хүрэлцээ, хангамж сайжирч байгаа тул тусгай үүргийн нислэг авах боломж бүрдлээ" гэсэн мэдээлэл өглөө.   

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРҮҮД
 

1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.

3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.

4. "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.

5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.


ШУУД ҮЗЭХ
 

Top