Төрийн наадмаа ХЭРҮҮЛГҮЙ ХИЙДЭГ болъё

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Ирэх жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болно. Мэдээж үүнтэй давхцан Хүннү гүрэн байгуулагдсаны 2230, Их Монгол Улсаа байгуулсны 815 жилийн тэгш ойнууд болох учиртай. Хэдийгээр одоо цагийн байдал хэцүү байгаа ч ирэх зун гэхэд муу бүхэн ард хоцорч, “Эрүүл явбал улсын наадам” үзнэ гэж их зохиолч хэлсэнчилэн үндэсний их баяр наадмаа хийж л таарна. Гэвч энэхүү тэгш ойн баяр наадмаа хэрүүл, уруулгүйхэн тэмдэглэн өнгөрүүлж, хотол олноороо сайхан наадах хэрэг байна. Үүнийг улиглан хэлээд байгаагийн учир нь ирэх өдрүүдэд УИХ-аар Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр болсон юм билээ.


Үнэндээ сүүлийн хэдэн жил монголчууд бид олигтойхон наадаж чадсангүй. Ер нь хэл ам дагуулдаггүй, тэрүүхэн тэндээ эвтэйхэн наадчихдаг хүмүүс харваачид л болж байх шиг байна. Үндэсний бөхийн барилдаанд л гэхэд их шөвөгт үлдсэн, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдээс нь жил дараалан допинг илэрч, дараагийн наадам хүртэл шүүх, цагдаагаар явцгааж байгаа. Тэгээд ч одоо ид барилдаж байгаа бөхчүүдээс гарын арван хуруунд тоологдох нь л допинг хэрэглэдэггүй, бусад нь ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг гэсэн яриа олны дунд бий. Заал, танхим, аймгийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн нөхдүүд ч гэсэн хардлага дагуулсаар байдаг боллоо. Ард түмэн нь хайр хүндлэлээ дэвсэж, төр засаг нь өндөр цол хэргэмийг нь харамгүй хайрлаж, нутгийн зөвлөлөөс нь байр машин бэлэглэж дуусаагүй байтал өнөө нөхөр нь цолоо хураалгах дээрээ тулчихдаг асуудал олширсон. Үүнтэй нэгэн адил хурдан морио ч бас уралдуулж чадахгүй хэдэн жилийг үдлээ.

Уг нь бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам, дүрмээрээ бол төрийн баяр наадмын хурдан морьдыг эрлийз, монгол адуугаар нь ялгаж уралдуулах ёстой. Ийм байтал хурдан хурц хүлгүүд нь наадамчин олны хамрын самсаа шархируулан барианд орж, хөлс нь бүрэн хатаагүй байхад л түрүүлж, айрагдсан морьд нь “эрлийз” гэсэн яриа гардаг. Дээрээс нь өөрийн удам угшлын аль хурдан гэснийгээ бүтэн жил тойруулан ажил болж төрийнхөө наадамд тоосыг нь өргөхөөр ирэхэд хасчихдаг гэсэн гомдол жирийн уяачдын дунд тасрахаа байсан. Энэ мэтийн гоморхол, үл ойлголцол ер нь энэ янзаараа дуусахааргүй юм билээ. Учир нь өөрийн өч төчнөөн хөрөнгө мөнгө зараад адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, түүгээрээ уралдах сонирхолтой хэсэг байхад дан монгол адуугаараа уралдая гэсэн сонирхолтой хэсэг ч бий. Гэвч өнөөдөр өөрийн адуундаа гадаад, тодорхой хувийн эрлийз адуугүй уяач үлдээгүй гэхэд болно. Харин тэд бүгдээрээ ганц л юмыг хүсэж байгаа. Тэр нь наадмаараа ямар шалгуурыг барьж морьдоо уралдуулах вэ гэдгээ тодорхой болгоод түүнийгээ ягштал баримталдаг байх.

Гаргасан хууль, журмаа ягштал баримтлахын тулд хурдан морины комисстоо адуу мэддэг, хараат бус хүмүүсийг сонгон шалгаруулж оруулах нь зүйтэй гэж уяачид хэлж байна лээ. Яагаад гэхээр комисст орсон нөгөө нөхдүүд харваас эрлийз морьдыг уралдуулчихдаг хэрнээ хөдөөний нэг уяачийн морийг үзэмжээр шахуу хасчихдаг гэнэ. Тиймээс л үүнд танил тал, эрх ашгийн зөрчил байдаг юм биш биз гэсэн хардлага хэн хэнд нь төрдөг байна. Монгол Улс төрт ёсныхоо баярыг цаашид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж морио уралдуулсаар байх нь дамжиггүй. Хойшдын олон наадмаа хэрүүлгүй хийхийн тулд одооноос л энэ асуудлыг нэг талд нь шийдэх ёстой. Зөвхөн сэрвээний өндөрөөр нь хэмжиж уралдуулна, азарга нь тэд, их нас ийм хэмжээнээс өндөргүй байна гэдэг ч юм уу тодорхой заагаад өгчихвөл олон уяач энэ бүхнийг даган мөрдөх нь гарцаагүй. Харин баяр наадмаар морьдын өндрийг олон нийтэд ил тод шударга байдлаар хэмжээд харгүй сайхан уралдуулах хэрэгтэй. Одоо чинь техник технологи хөгжөөд юуг ч бүгдэд ил тод үзүүлж болохоор болчихсон сайхан цаг шүү дээ. Түүнээс биш комисс нэртэй хэдхэн нөхөр гарааны наахна бусдын нүднээс далд газар нуугдаж байгаа юм шиг асуудалд хандаад байгаа нь олон нийтэд хардлага төрүүлээд, орон нутгийн уяачид улсын наадмаа тэр бүр зорьж ирэхгүй болгоод байгаа хэрэг. Хэрэв ингээд яг таг заагаад өгчихвөл хэн ч хэмжээнээс нь хэтэрсэн өндөртэй морийг өчнөөн зардал чирэгдэл болж уяхыг бодохгүй. Яагаад гэхээр нэгэнт хэмжээнээс хэтэрч хасагдах нь тодорхой морьдыг наадамд уяж хөрөнгө мөнгөө дэмий үрэхгүй. Одоо чинь морь уяна гэдэг чинь бүтэн жилийн хөдөлмөр болсноос гадна чамгүй их хөрөнгө зарсан ажил болчихсон шүү дээ. Хууль, журманд өөрчлөлт оруулахад хусуур зүүсэн болгонд таалагдахгүй нь ойлгомжтой. Хэдий тийм ч гэсэн уяачдынхаа санал, хүсэлтийг харгалзан үзэж, олонхид таалагдах, хэрүүлийн алим тарихааргүй өөрчлөлтийг л хиймээр байна. Ингэж байж бид төрт ёсныхоо их баяр цэнгэл наадмыг хар хоргүй тэмдэглэж, жинхэнэ утгаараа сайхан наадацгаах болно.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulziibadrah(66.181.161.21) 2020 оны 12 сарын 24

bas neg hetsuu ym bna .Ene bol ”Daatgal” unaach huuhediin daatgal huduuni uyachid mash ih daramt bolj bn manai nz ungursn jil huuhede daatguulad uraldawa getel huuhed morinoso unaj garage hugalsn irgeed daatgal handahad morinos unaj bga zurag bnu geh shig tegeed ymarch nuhun tulbur oldoogui 100000 zugeer tur bga daatgaliin nuhuriin karmig zuzaatagaj bnaa

0  |  0
иргэн(202.9.46.186) 2020 оны 12 сарын 24

ЭРЛИЙЗ МОРЬДООС ЯМАР ИХ АЙЖ БАЙНА ВЭЭ

1  |  0
иргэн(202.9.46.186) 2020 оны 12 сарын 24

монгол морьд өндөр нуруулаг болоосой , өхдөрийг нь хэмжээд байвал улам л давжаа жижигхэн илжиг шиг юм болно доо

0  |  0
Иргэн(202.9.46.186) 2020 оны 12 сарын 24

МОНГОЛ МОРЬД ӨНДӨР НУРУУЛАГ БОЛООСОЙ, ӨНДӨРИЙГ НЬ ХЭМЖЭЭД БАЙВАЛ УЛАМ Л ДАВЖАА ЖИЖИГХЭН БОЛНО ДОО.

0  |  0
Зочин(66.181.161.116) 2020 оны 12 сарын 24

Юун наадам бэ? Ирэх жил бараг үзэгчгүй наадам ч хийж чадахгүй байх.

0  |  0
Top