Өөр сэтгэлгээ

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ “ШҮГЭЛ ҮЛЭЭХ” ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД


Хэдэн жилийн өмнө “Тахир дутуу...” нэрнээс цээрлэж арай дөхүү ,аятай нэр сонгох бичлэгийн уралдаан зарлахад оролцож байснаа эргэн дурслаа. Олон, олон бичлэгийн материалаас өнөөгийн “ХБИ” гэсэн шалгарч байлаа. Сонссон хүний сэтгэлд хүйт хургаж, сэрхийн сонсдох “тахир дутуу”-гаас хувь илүү ч нийгмийн зорилтот бүлгийн хэсэгхээн хүнд өгсөн “оноосон нэр “шиг, харахад илэрхий тохиолдолд тусгайлан нэр зүүж, нийгмээс ангид авч үзэх бас л зонхигүй санагддаг. Энэ бүлгийн хүмүүст ч сөргөөр нөлөөлж өөрсдийгөө хар аяндаа бусдаас хараат болгох, бие, сэтгэлээр гундуу, гутруу явах шалтгаан нь болдог. Олдмол ч бай, төрөлхийн ч бай биеийн хэвийн хөгжил, идэв хитэй үйл ажиллагаанд нөлөөлөх эмгэгтэй хүмүүсийн сэтгэл, санаа ямар өөд байхав. Жирийн бусадтай өөрийгөө жишихээс өгсүүлээд ямагт дутуу, гуцуудаа гутрах, эмзэглэх нь мэдээж.

Монгол Улсын “Үндсэн хууль”-д иргэн бүр эрүүл аюулгүй орчинд ажиллаж хөдөлмөрлөх, эрх тэгш амьдрах эрхийг чөлөөтөй нээж өгсөн байдгийг хэн хүнгүй мэдэх хойно. Ийм бүлгийн хүмүүсийн эрхийг хамгаалах гэдэг ойлголт нэг талдаа өргөн хүрээтэй мэт боловч нөгөө талаасаа их явцуу нөхцлөөр хязгаарлагдах сөрөг тал ажиглагддаг. Хамгийн түрүүнд сэтгэл эрүүл, санаа саруул бол өөрийн хувь амьдралаа залгуулах төдийгүй улс орны хөгжил дэвшлийн төлөө ажиллаж хөдөлмөрлөх эрхээр хангагдсан байх нь зүй ёсны хэрэг мэт байвч бодит байдал дээр гадуурхагдах, ижил буруу мал мэт захдах, хэл буруутан тэр ч байьугай харь гаригийнхан лугаа харьцаа, хандлагад өртөх нь хаа сайгүй байдаг л хэв зандаа үзэгдэл. Уулзсан учирсан, харсан дуулсан болгон толгой дараалан хий хоосон өрөвдөж, харууссан байдал гаргах ч нэдэр дээрээ өдөр,шөнө шиг ялгаа заагтай байдал үүсэж ирсэн нь нуугаад ч ил гарах эд шүү дээ.

Эдгээр хүмүүст “ Бид бусдаас өөр хувь тавилан, заяа төөргийн улс, хэзээ үйлдсэн үйлийн үрийн гэсгээл,шийтгэл юм бол..”гэх өөрийгөө голон цухалдах, бухимдан яллах сэтгэгдэл төрүүлэхээс сэргийлэх хэрэгтэй. Гарцаагүй нийгмийн зүгээс нэмэлт халамж, анхаарал шаардлагатай нэгэнд үйлчилгээ, асрамжийн бодлого үйлчилж болох талтай ч толгой дараалан “хамтрал, коммун”-аар хамруулж, хавтгайруулах нь нийгэмд ч, эдийн засагт ч хүндрэлтэй тал ажиглагддаг билээ. Нийгэм, олон дунд ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөл бололцоог хайж, бүрэн боломжоор хангах, амьд яваагийнх нь зол жаргалыг эдлүүлж, амсуулахын төлөө санаж, сэдэж, хүмүүнлэг үйл ажиллагаа явуулахад цөхөх юмгүй биш үү. Нийгмийн зүгээс ч, нийтийн зүгээс ч “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-д чиглэсэн халамж үйлчилгээний тусгайлсан бодлогоо эргэн харж, дэлхий дахины энэ талаархи даяарчлалд уялдах, хэтэрсэн гэмээр “хүмүүнлэг, энэрэнгүй” халамжуудаа цэгцлэх, бие даасан хөгжлийг нь бүх талаар дэмжин туслах, орчин бүрдүүлж өгөх, нийгмийн амьдрал дахь оролцоог нь хөхиүлэн хөгжүүлэх, эрүүл оюун ухааныг нь урамшуулж ашиглахад анхаарах аваас өөрийгөө дайчлах, хөгжүүлэх, багаар ажиллах хөдөлгөөнд аяндаа хамарч нийгэм, олонд тустай өчнөөн, төчнөөн үйл хэрэг бүтээлцэх үүд хааалга ямагт тэдний өмнө цэлийтэл нээгдэх болно гэдгийг хаа, хаанаа ойлгож бодлогын чанартай үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг цаг үе шаардаад байна.

Эрүүл мэндийн хувьд хэний ч хүсээгүй эмгэгтэй төрөх эсвэл эрхтэн согогтой, хөгжлийн хувьд ердийн биш байх эдэлж байгаа бие, туулж байгаа хүндээ хэзээ ч таатай байдал өгөхгүй, бусдын дайтай бүрэн бүтэн төрчихөж болсонгүй юү дээ гэх дутуу, дундуур сэтгэлийн эмзэглэл төрүүлэх нь энүүхэнд л дээ. Гэхдээ нийгэм, гэр бүл, хөдөлмөрийн хамт олон, ойр дотны найз нөхөд, үе тэнгийнхэний зүгээс царай зүсээр өнгөлөг жавхаатай, үзэл бодлоор өөдрөг тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй явахад нь байнгын халуун дулаан уур амьсгал, орчин нөхцөл бүрдүүлж өгөөд эн зэрэгцэн ажиллаж, санаж сэтгэхэд түвэг бага удах нааштай тал байж болмоор гэсэн санаа төрж явдаг юм. “Хүн гэдэг сэтгэлийн амьтан юмаа” гэсэн нэгэн афоризмыг их ишлэх болж дээ. Ер нь ч энэхүү философи амьдралд харьцангуй ойр дөт санагддаг.

Задгай булаг, нуур цөөрмийн тогтмол ус, худгаас ханатлаа уугаад гарч байгаа малыг харахад хичнээн таатай байдаг гээ. Чухамдаа шовой нь ханаж хавьд ус руу хошуугаа дүрэхээргүй ханаж цадах шиг л болж байгаа харагддаг. Үүнтэй адил амьдралын сэтгэл ханамжийг өгөх, бусдаас ялгарах юмгүй, ав адилхан гэсэн сэтгэлийн цэнгэлийг эдлүүлэх нь ойр орчны өрөөлийн журамт үүрэг гэж үзэхэд болно. Олзуурхууштай нь, ийм хүнээс бүтээн туурвих, өөрийгөө дайчлах оюуны асар өндөр бүтээмж гарах нь тодорхой гэдэгтэй санал зөрж, мэтгэлцэх хүн олон гарахгүй болов уу. Бичлэгийн уралдааны болзолд тавьсан нийгмийн тэгш оролцоог хангах талын шаардлагыг л амьдралтай уялдуулж гаргаж ирэх гээд байгаа хэрэг шүү дээ.

Өргөн утгаараа, “Хүн хүндээ нөхөр” зарчмыг баримтлаад үзсэн ч, олны хүч, бусдын дэм, багийн оролцоог бодсон ч хамтын хүч, оюуны илүүтэйг харгалзсан ч нийгэм, нийтээс ангид хөгжиж, өөдлөх хэнбугайг ч, хаахнаас ч эрж сураад эс олох. Бидний амьдралд бусдын тусын тулд тавих халуун сэтгэл, дотно хандлага дутаад байгаагийн хамгийн наад захын түгээмэл жишээ бол төрийн байгууллага, үйлчилгээний газар, ААНБ-уудад тэргэнцэртэй болон таягтай хүмүүсийн чөлөөтөй орж,гарч үйлчлүүлэх, зорчих зориулалтын, стандартын зам, шат aогт байдаггүй нь.

Улсын хэмжээнд мэр, сэр байгааг “Тэр яагаав” гэж нэр хэмээх нэгэн байж болох ч ийм зайлшгүй хэрэгцээ шаардлагыг юманд бодож, ажил хэрэг болгож байгаа газар үнэндээ алга дагаад хэрэгжилт биелэлтэд нь хяналт тавьж байгаа нь ч огт алга. Энэ нь хайхрахгүй өнгөрөх, нүдэн балай, чихэн дүлий байх зүйл бишээ. Өнөөгийн парламентын хэллэгээр “дийлэнх олонхи”-д тохиолдсон зовлон, энэлэн биш болохоор л ийм хөндий хүйтэн хандаж байгааг юугаар ч зөвтгөмгүй. Энэ бол “.. гудамж талбайд зорчин явах, эрүүл мэндийн тусламж, нийгмийн бусад үйлчилгээнд хамран” эрхийг нь санаатайгаар зөрчиж, эрхийг нь хөндөж хөндөх төлий биш бүүр хөсөрдүүлж байгаа ноцтой зөрчил, хууль хэрэгжүүлээгүй ял зэм мөн гэж үзэхээс аргагүй ээ. Тийм үү, яалт ч үгүй тийм. Асуудлыг жижиг томоор, ач холбогдолтой эсэхээр нь ялгаж ангилахдаа биш гарцаагүй эрэлт шаардлага байгаа дээр нь суурилан заавал хэрэгжүүлэх нь амин чухал байгааг бодож тунгаах цаг нэгэнт болоод өнгөрчээ. Зөвхөн зориулалтын тэмдэглээтэй зам, гарц, шат, довжооны тухайдад гэхэд л. Ийнхүү хуулийг гууль болгож зэсийг нь цухуйлгадаг тоомжиргүй-харгис хандлага, үйл ажиллагаагаа таслан зогсоож нийгэм дэх цөөнхийн язгуур эрх ашиг, эрэлт хэрэгцээг харгалзан үзэж, бодлого, төлөвлөлт, төсөв санхүүдээ суулгаж заавал хэрэгжүүлж, цоо шинэ орчин нөхцлийг Тэдэнд бүрдүүлж өгөх амьдралын шаардлага байгааг анхаарах нэн хэрэгтэй байна.

Энэхүү бичвэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалж байгаа нь энэ гэж хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээ, зохиомол хэрэгцээг өөгшүүлэхдээ биш харин нийгмийн ижил түвшин, зэрэг гараанаас эхэлдэг гэх сэтгэлгээ санаачилгыг төрүүлэх, хүнээс дутахааргүй ажиллаж бүтээж туурвиж болох итгэл, сэтгэлийг төлөвшүүлэх, сэдэл тэмүүлэлтэй, бүтээлч, сэтгэлгээгээр баян байх рхчин нөхцлийг бүрдүүлхэд нийгэм даяхнаараа анхаарч, анзаарч хөдөлгөөнд орохыг уриалж санал болгох гэж хичээлээ. Хууль эрх зүйн олон, олон ишлэл авч, үндэслэлтэй, үндэслэлгүй хуурай тоочихыг түвдсэнгүй басхүү хэт онолдож залхаахыг ч бодсонгүй ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи алба, амины бодол, дүгнэлтээ нэг мөр цэгцэлж, сэтгэхүй рүүгээ өнгийж, зуршсан уламжлалаа өөрчилж, сэтгэлгээний шинэчлэлийг сонгож хэрэгжүүлэхийг голлон тусгаж саналаа цэгцэллээ. “Сэтгэлд гал байхад...” гэдэг үгтэй дээ. Аливаа үйлийг нэг мөр гольдролд нь оруулах, ойлголтыг зөв төлөвшүүлэх, зуршмал арга барилаа өөрчлөх, тогтсон сэтгэлгээ рүүгээ лавхан өнгийж орвонгоор нь “нурааж” одоо цагтай нийцсэн, үр ашигтай хувилбарыг сонгохын төлөө хамтдаа ажиллацгааяа, та минь. Зарим талаараа нийгэмд харанга дэлдсэн эмзэг сэдвээр хэтэрхий сүржигнэж,дүвчигнэлгүйгээр “Шүгэл үлээх” нь зүйтэй гэж бодсоноо эрхэм уншигчидтайгаа хуваалцаюу хэмээсэн нь энэ буюу.

Говьсүмбэр аймаг дахь МҮОНРийн сурвалжлагч Т. БОЛДБААТАР

Харилцах утасны дугаар: 94310703, 86020703

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.8) 2020 оны 12 сарын 24

энэ бол үнэн ХБИ ийг их гадуурхдаг хамт олны дунд байлгах хэрэгтэй байдаг

0  |  0
Top