”Роснефть”-ээс ЭБЭХ-ний сайдад захидал ирүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22


 

Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Шадар сайд И.В.Сечин, Эрчим хүчний дэд сайд А.Н.Шишкин, “Роснефть” компанийн ерөнхийлөгч Э.Ю.Худайнатов нартай Москва хотноо уулзсан байна.

Энэ уулзалт болон “Роснефть” компаниас Эрдэс баялаг, эрчим сайдад  хаяглан ирүүлсэн захидлын талаар сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар ОХУ манай улсад  дарамт, шахалт үзүүлсэн утга бүхий захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, салбарын сайдад ирүүлсэн тухай зөрүүтэй мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа. 

Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд залруулга, тайлбар өгсөн байна.  Тэрээр хэлэхдээ “Захидалд манай улсыг дарамталж, шахсан зүйл байхгүй. Энэ захидал Ерөнхийлөгчид бус Эрдэс баялаг эрчим хүчний сайдад ирсэн” гэдгийг тодотголоо.

Мөн “Роснефть” манай улсад шатахуун түгээх станцуудаа барьж шатахуун борлуулах, бөөний худалдааны бааз байгуулах зэрэг асуудлыг урьд өмнө ч тавьж байсан. Энэ нь хоёр орны харилцаанд яригдаж байдаг хэвийн асуудлуудын нэг. Захидал бичсэн нь газрын тосны бүтээгдэхүүний талаар ОХУ-ын холбогдох компани нь байр сууриа илэрхийлсэн л зүйл. Манай улс ч гэсэн  махны экспорт, төмөр замын шинэчлэл зэрэг олон асуудлыг ОХУ-д тавьдаг. Үүнтэй утга нэг юм. Харин Оросын талаас тавьсан хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэх нь манай дотоод асуудал. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Цаашид газрын тосны салбарт хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд энэ асуудлыг авч үзэж холбогдох газруудаар хэлэлцүүлэхээр боллоо” гэв.  

Манай улс хэрэгцээт газрын тосны бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг хойд хөршөөс гадна Казахстан, БНХАУ-аас оруулж ирээд байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд ойрын үед танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан байна.   

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top