“Азийн шинэ лидер” хэмээн Америкчуудад хүндлэгдсэн Ц.Элбэгдоржийг Украинчууд хүлээж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23

Монголчууд БОИНГ онгоцоор холын Америк руу шууд нисээд л буух боломжтой боллоо. Хаагуурч дамжилгүйгээр шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийсэн  айлчиллынхаа үеэр үүнийг шийдвэрлэсэн.  Саяхан л даа, дарга нар  маань Хятадад 15 жил ашиглагдсан хуучин БОИНГ онгоцыг өндөр үнээр авчихаад шинэ онгоцтой боллоо хэмээн угаалга цагаалга, найр найдам хийх нь холгүй хөөрцөглөж байлаа. Тэгвэл Элбэгээ Монгол Америкийн иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр гурван Бионг онгоц авахаар болсон юм. Үүний хоёр нь Боинг-737, нэг нь Боинг-767 загварынх. Гурвуулаа шинэхэн. Нийт үнийн 80 хувийг 12 жилээр, маш бага хүүтэйгээр төлнө. Энэ бол манайдаа л маш том боломж юм. Эдгээр онгоцуудын эхнийх нь 2013 оноос нисч эхэлнэ.

            Мөн манай тамирчдаас чөлөөтийнхөн энэ намраас Америкт очиж олимпын бэлтэглээ хангахаар боллоо. Бас л Лондонгийн олимпоос найдвар төрүүлсэн алхам юм. Элбэгээ ийнхүү Америкт айлчлах хугацаандаа ихийг амжууллаа. Түүнийг дэлхийн мэдээллийн агентлагууд онцгойлон сонирхсон нь 2011 оны “Төрийн гарамгай зүтгэлтэн” гэсэн хүндэтгэл хүлээсэн явдал байв. Үүгээр Америкчууд Ц.Элбэгдоржид “Азийн шинэ лидер” гэсэн өргөмжлөл хүртээж буй хэрэг юм. Энэ талаар Zindaa.mn сайд урьд нь мэдээлснийг уншигчид санаж байгаа байх аа.

            Дэлхийд хоёр том гүрэн хөрштэй улс цөөхөн. Монгол, Америк хоёр ийм хөрштэй орнууд. Энэ утгаараа ч Америк бол манай гурав дахь хөршийн бодлогын төвд байдаг юм. Гурав дахь орны зүгээс хөрөнгө оруулалт орж ирэх тусам  манай хоёр хөршийн хувьд Монголд бизнес хийх, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх боломж улам нэмэгдэж байгаа. Тиймээс аль аль талдаа хэрэгтэй айлчлал боллоо. Үүнийг Хятад хийсэн Ерөнхий сайд Сү.Батболдын айлчлалын үр дүнгээс, өмнө нь Ц.Элбэгдоржийн Орост хийсэн айлчлалыг ач холбогдлоос бид харж болох юм. 

            Энэ сарын 27-ноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украин улсад айлчилна. Украйны талаар манайхан сайн мэднэ. Зөвлөлт гүрэн задарч, ОХУ үүссэн үеэс тус улс тусгаар улс болсон. Сүүлийн жилүүдэд үе үе хувьсгалт тэмцэл өрнөсөн улс байлаа. “Жүрж-1”, “Жүрж-2” хувьсгалд эмэгтэй хүн зонхилох үүрэгтэй оролцсон. Түүнийг Украинчууд хувьсгалын гүнж гэдэг. Юлия Тимошенко хэмээх тэр эмэгтэй Ерөнхий сайдын суудалд хүрч чадсан. Сүүлд нь өмч хөрөнгө идэж завшсан гэх хэрэгт ч холбогдож байв. Гэхдээ тус улсын Ерөнхийлөгч В.Януковичийн гол өрсөлдөгч болж байснаараа Украины улс төрийн түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө тод томруун үлдээж чадсан юм.

            Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн Украинд хийх айлчлал нь Орос, Америкт айлчилсныхаа дараахан болж байгаараа цаг хугацааны хувьд ч нэлээд онцлог болж байна. Манай хоёр орон социализмын үеэс уламжлалт харилцаатай хөгжиж ирсэн юм. Украинд нийлүүлж байгаа манай гол бүтээгдэхүүн нь жонш. Манайх дээр үеэс л трактор, комбайн, ган хоолой, эрчим хүчний техник тоног төхөөрөмжөө авч байлаа. Сүүлийн жилүүдэд харин Украинаас нийлүүлэх бүтээгдэхүүн багассан. Үүнийг хамтын ажиллагаа буурсантай холбож үзэж болно. Харин Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчиллаар харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарах төлөвтэй байна.

            Ерөнхийлөгчийн анх цэргийн сэтгүүлчийн мэргэжил  эзэмшсэн Львов хотод манай цэргийнхэн олноороо суралцаж төгссөн юм. Тиймээс түүний айлчиллын үеэр чөлөөнд байгаа генерал Жалбажав зэрэг цэргийнхэн  дагалдан явах сурагтай байна. Одоогийн байдлаар Украинд нийтдээ 200 гарай оюутан суралцаж байгаа. Дийлэнх нь нисэхийн мэргэжилтэн болж эх орондоо ирнэ. Ер нь Украин улсад Америкаас мэргэжилтнүүд бэлтгэгддэг. Энд НАТО-гийн энхийг сахиулагчид Оросын зэвсэг техниктэй танилцах зорилгоор бас суралцаж байгаа.

            Ц.Элбэгдоржийн айлчиллын талаар Украины зарим хэвлэлүүд нэлээд эртнээс бичиж эхлээд байна. Тэдгээрээс үзвэл манай хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд Киев ихээхэн өндөр ач холбгогдол өгч байгаа нь илт байна. Тус улсын “День” сонинд “Украин улс Монголоос ашигт малтмал авч, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Харин тэд биднээс хүнсний болон хөдөө аж ахуйн техник хэрэгсэл авч байх болов уу. Монгол улс 2020 онд атомын цахилгаан станцтай болохоор төлөвлөөд байгаа. Энэ талаар Украин улс туршлагатай тул хамтран ажиллаж болох юм” гэжээ.

            Элбэгээ ийнхүү Америкаас ирээд удалгүй өөрийн сурч төгссөн анхны сургууль Львов хотын цэргийн улс төрийн дээд сургуульдаа зочилно. Зөвхөн Львов ч биш түүнийг Киевчүүд хүлээж байна. Төрийн дээд хэмжээний энэхүү айлчлалаараа тэр хоёр орны хамтын ажиллагааны  бас нэг түүхэн шинэ хуудсыг нээх ажээ.   

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top