С.Баярцогт малчид, ахмад настанд нэг сая төгрөг өгөхийг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Төсвийн байнгын хороон дээр очоод уналаа. Энэ онд уг санд 804 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээсээ сар бүр 21 мянгыг өгч байгаа. Одоогоор амлалтын 1,5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэсэн нь биелэх боломжгүй хэвээрээ байна. Дөнгөж 246 мянгыг нь л иргэн бүрд өгсөн. Ойрын нэг хоёр жилдээ олгоно  гэж тооцсон 500 мянгаас нь одоо 254 мянга үлдээд байна. Үүнийгээ өгчихвөл цаана нь 1 сая төгрөг үлдэнэ. Энэ мөнгөөр иргэд маань банкны зээлээ төлөх боломжтой гэж зарим гишүүд үзсэн боловч маргаан дугуулсаар байна. Сангийн сайд С.Баярцогт нэг сая төгрөгийг бэлнээр олгох боломжгүй гэлээ. Тэрээр банкны зээлээ энэхүү сангийн мөнгөөр төлөх нь зохимжгүй, тэгээд ч зээлээ төлөх эсэхээ иргэд өөрсдөө сонгох учраас хууль санаачлан банк, иргэн хоёрын дунд төр оролцох шаардлагагүй гэж үзжээ. Ийнхүү гишүүд маргалдсаар эцэст нь малчид, ахмад гээд иргэдээ ялгаварласан хууль санаачлан баталж болохгүй гэж тогтсоноор байнгын хорооны хурал өндөрлөсөн байна. Малчдын ихэнх нь банкны зээлтэй гэнэ. ХААН банкны малчин болсон гэх шог яриа ч газар авчээ. Мөн ахмад настнууд нэг сая төгрөгтэй болох нь гэж баярлаж байлаа. Харамсалтай нь эдгээрийг мөддөө шийдэж чадахгүй болов бололтой. 

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top