Хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандорж: Тэр сайхан хурдан хүлгээ дагаад “Хос шарга” дуу маань ард түмний хүртээл болсон

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

 

Ертөнцийг уран тансаг, сэтгэл оргилуулам сайхан аялгуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Ард түмэндээ “Хос шарга”, “Элээх тавилан”, “Хосын хорвоо” зэрэг олон сайхан нийтийн дуугаар танил болж, зохиолын дууны төрөлд өөрийн гэх орон зайгаа бий болгон, сэтгэл зүрхнээс нь булаг мэт оргин ундрах сайхан аялгуугаараа өөрийгөө болон, ард түмнээ уярааж яваа хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандоржтой хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

 -Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн талаар эхлэе?

-Дархан халиун гэж морины тухай дуу хийсэн. Хөвсгөл аймагт болсон Чингүнжавын ойд зориулсан даншигт  түрүүлсэн сайхан хурдан хүлэгт зориулсан. Хөвсгөлөөс Лхагвасүрэн гэж хүн энэ шүлгэнд ая хийгээчээ гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд энэ шүлгэнд ая хийгээд өөрөө дуулсан. Хамгийн сүүлийн уран бүтээл гэвэл тийм байна даа.

-Таныг хамгийн анх ард түмэнд танил болгосон уран бүтээлийнхээ талаар манай уншигчидад ярьж өгөхгүй юу?

-Хамгийн анхны уран бүтээл МУГЖ Болормаа дуулсан "Элээх тавилан" гэж дуу бий. Тэр дууг 2001 онд аяыг нь би зохиож шүлгийг нь Санжмятав гэдэг хүн зохиосон. Тэр дуу маань олны хүртээл болж Баасандорж гэж  ийм хүн байдаг юм байна. Иймэрхүү ая зохиодог юм байна гэсэн сэтгэгдлийг бий болгосон.

-Одоогоор хичнээн дууны цомогтой болж байна?

-Нийт гурван цомогтой. Хамгийн эхнийх нь “Зөөлөн зөөлөн замбуулин” дууныхаа нэрээр нэрлэсэн цомгоо миний зохиосон дууг өөр хүн дуулсан дуунуудаар. Хоёр дахь цомог маань “Хосын хорвоо” гэж цомог гаргасан. Үүнийг гэр бүлийнхээ хүнтэй хамтран дуулсан дуунуудаараа хийсэн. Саяхан “Хос шарга” гэж өөрийнхөө буюу Баасандорж ганцаараа дуулсан дуунаадаараа хийсэн. Нийт хийсэн уран бүтээл гэвэл 200 орчим дууны аялгуу зохиосон байна.

-Яруу найрагчид бага байхдаа амандаа шүлэг хэлж явдаг. Түүнийгээ авьяасаа илэрсэн гэдэг. Тэгвэл таны авьяас хэдэн настайгаас чинь илэрсэн бэ?

-Намайг зургаан долоон настай байхаас манай аав надад уртын дуу зааж өгч дуулуулдаг байсан. Багаасаа дуулах дуртай сум сургуулийнхаа урлагийн үзлэг бүх юманд орж явдаг хүүхэд байлаа. Би  1994 онд багшийн сургуулийн хөгжмийн анги гэж байсан түүнийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. Манай ангид хөгжмийн зохиолч Сэр-Од зэрэг олон сайхан хөгжмийн зохиолчид байсан.Алдартай сайхан хөгжмийн багш нараар хичээл заалгаж байсны хувьд сургуулиа төгсөж нутагтаа очиж ажиллаж байгаад нутгийнхаа тухай нэг шүлгэнд ая хийж эхэлсэн юм. Тэгээд түүнээс хойш ая зохиох ажил маань эхэлсэн дээ.

-Хүмүүсийн анхны учрал, хайрын тухай гоё дурсамжууд байдаг. Таны хувьд анх эхнэртэйгээ учирч байсан дурсамжаа хуваалцвал?

-Бид хоёр СУИС-ын уртын дууны ангид нэг багшийн шавь. Уртын дууны ангийнхан бүгдээрээ Дэлгэр багшийн нэг ангид байцгааж байдаг.  Тэгээд бид хоёр танилцаж гэр бүл болсон. Нэг хүүтэй.  Гэр бүл болоод 10 гаран жил болчихсон байна шүү.

-Таны хүү уран бүтээлийг тань өвлөсөн үү? Урлагийн ямар нэг авьяастай юу?

-Би саяхан хүүдээ нэг дүү зохиож өгсөн. Хүрэлсүх гэж хүний шүлэг. “Уралдаан” гэдэг шүлгэнд ая зохиож дуулуулсан. Миний сүүлийн “Хос шарга” гэдэг цомгондоо оруулсан. Энэ дууны шүлэг бол хөдөөний хүүхдүүд шилбүүр уначихаад морь болж тоглодог. Энэ тухай өгүүлсэн. Шүлэг нь хотын хүүхдүүдэд танин  мэдэхүйн шинж чанартай. Морины нас зүсийг зааж өгсөн тийм утгатай дуу. Ерөнхийдөө бол урлагийн талдаа. Сонсгол, ритм, гээд юу байдаг юм тэр талдаа бол мэдэрнэ.

-Та нутаг ус бага насныхаа талаар ярьж өгөхгүй юу?

-Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. Аав маань онгоц буудлын холбоочин хүн байсан. Манайх сумын төв дээр тэр үеийн хүүхдүүдийн адил зундаа ах дүү нарынхаараа хөдөө гараад  ганц нэг хонь хариулчихдаг. Тэр сайхан нутагт төрж өссөндөө би баярлаж явдаг. Энэ зун  долдугаар сарын 24-нд манай сумын эмнэлэгийн 70 жилийн ой болно.  

-Нутгийнхаа эмнэлэгийн 70 жилийн ойд зориулж өөрийнхөө уран бүтээлээр тоглолт хийхээр төлөвлөсөн үү?

-Эндээс ганц нэг уран бүтээлчид аваачиж нутгийнхаа ард түмэнд сонирхуулна. Батсүх гавьяат явах байх.

-Ер нь бол яруу найрагчид нэг сайхан байгаль хараад ч юм уу эсвэл гэнэтийн учралаар онгод ордог гэж ярьдаг. Тэгвэл таны энэ сайхан аялгуунууд  ямар үед таны зүрх сэтгэлээс урсан гардаг вэ?

-Миний хувьд бол тэр шүлгийг хараад ямар сэтгэгдэл надад төрөв, үүгээрээ л аялгуу төрөв үү гэж боддог юм. Бусад хүмүүс шиг гэнэт унтаж байсан чинь онгод ороод ч гэх юмуу, тийм онгод гэж сүртэй юм байдаггүй. Зүгээр тэр яруу найрагчийн шүлгийг харж уншаад болдог. Ер нь бол сайн шүлэг бол дотроо өөрөө аялгуу нь явж байдаг гэж үг байдаг ш дээ.  Надад бол тийм л санагддаг юм.

-Та хоёр  хоёулаа урлагийн хүмүүс болохоор бусад дуучдын гэр бүлийг бодвол үл ойлголцол бага гардаг байх?

-Ер нь харьцангуй бага. Хоёулаа урлагийн хүн болохоор хөдөө гадаа хамт явчихна. Янз бүрийн тийм айхтар асуудал гарахгүй. Уран бүтээлүүд дээр санал шүүмж, зөвлөгөөч өгөх юмуу энэ тал дээр илүү давуу талтай.

-Уран бүтээлийнхээ хажуугаар ямар ажил хийж байна. Өөрийн студитай юу?

-Жижиг дуу бичлэгийн студитай. Студиэ ажилуулаад ажлаа хийгээд явж байна.

-Таны ард түмэн, тэр тусмаа хөдөөнийхөн, уяачид “Хос шарга” гэж сайхан дуугаар сайн мэднэ. Дуу төрсөн түүхээс хуваалцвал?

-2007 оны зун хийсэн. Шүлгийн нь манай аймгийн Бөмбөгөр сумын харьяат нутгийн ах Агваан гэж хүн шүлгийг нь бичсэн. Тэр Эрдэнэчулуу уяачтай найз. Эрдэнэчулуун уяач тод манлай уяач цол аваад цолынхоо найр хийгээд Агваан ахыг урьсан. Агваан ах ямар бэлэгтэй очихоо мэдэхггүй гайхаж байгаад өглөө нь энэ шүлэг орж ирсэн юм билээ. Тэнд очоод хүмүүст тэр шүлгээ уншиж өгсөн чинь “Эрсдэж хальсан хайран шарга” гэж уншсан чинь тэнд ирсэн уяачид нулимс унагаж байна гэнэ. Тэгээд цаашаа “Алдар толгойо тойрсон шарга Амгай тэнийтэл хадуурсан шарга” гэсэн чинь хүмүүс алгаа ташсан. Түүнд Агваан ах маань урамшаад чи энэ шүлгийг үзээдхээч ая хийж болох нь уу хүмүүс ингэж хүлээж авч байна гэсэн. Уншиж үзсэн чинь үнэхээр сайхан шүлэг байсан. Аялгуу бол тэр дороо төрсөн. Наадмын өмнөхөн Эрдэнчулуун уяач руу утасдаад тийм дуу хийсэн юм. Танай уяан дээр очиж хэдэн зураг авч болох уу гэсэн. Очоод клипны зураг авахуулаад наадмаас өмнөхөн долоон сарын найман есөн гээд телевизээр цацаж эхэлсэн. Тэгээд тэр жил шарга азарга түрүүллээ. Дараа жил нь дахиад түрүүллээ. Улсад олон түрүүлсэн, янз бүрийн рекорд амжилтуудыг тогтоолоо гээд ийм сайхан бэлэгшээлтэй дуу болсон. Тэр сайхан хурдан хүлгээ дагаад ч юмуу миний уран бүтээл, “Хос шарга” дуу маань бас ард түмний хүртээл болсонд баяртай байдаг. Энэ цагийг эзэлсэн хурдан хүлгийн тухай уран бүтээл хийж өөрөө дуулах тийм завшаан олдсонд өөртөө бас баярлаж, олзуурхаж явдаг.

-Морины тухай дуу бол уяачдын сэтгэл сэргээж, хийморийг бадраадаг. Одоогоор та хичнээн морины тухай дуу хийгээд байна?

-Хос шарга дуу гарснаас хойш дуучин болгон л морины тухай дуулах гэдэг болчихож. Яруу найрагч болгон морины тухай шүлэг бичих гэдэг болсон. Уяач болгон мориндоо зориулж дуу хийлгэх гээд байдаг болсон. Нэлээн хэдэн дуу хийсэн. Батсайханд нэг “Тэнгэрийн хүлэг” гэсэн морины дуу хийж өгсөн, Буянжаргалд дуу хийж өгсөн. Өөрөө бас “Дархан халиун”, “Шандаст хурдан хүлгүүд”, “Аварга хүрэн” гээд тав зургаан дуутай болсон.

-Та Монголын зохиолын дууны төрөлд ямар нэг шинэлэг зүйл хийхийг төлөвлөж байна уу?

-За даа, миний авьяас хүрэх юм болов уу даа. Зүгээр бодож явдаг зүйл бий л дээ. Нэг юманд баригдчихаад байгаа нийтийн дууг бас нэг жаахан өөр болгох юмсан гэж бодож явдаг юм. Айхтар сүртэй юм хийж чадахгүй байх аа.

-Санаж явбал бүтнэ гэж сайхан үг байдаг?

-Тийм.

-Монголын хөгжмийн урлагийг дэлхийн жишигтэй жиших юм бол аль түвшинд явж байна?

-Ер нь сүүлийн үеийн хөгжмийн урлаг сайн хөгжиж байгаа гэж үзэж байгаа. Сонгодог хөгжмийн талаар хөгжмийн зохиолч Шарав гуайн бүтээлүүд гадаад дотоодод нилээн сайн тоглогддог. Сүүлийн үед хөгжмийн зохиолч мэргэжлээр олон залуучууд гадаад дотоодод суралцаж байгаа. Түрүүчээс нь ирээд  бүтээлүүд нь тоглогдож байна. Ер нь бол өндөр түвшинд явж байгаа гэж ойлгож байгаа.

-Та өөрийн уран бүтээлээ нутаг усны, аав ээжийн, морины гэж ангилдаг уу?

-Ёстой тэгж ангилж үзээгүй. Шүлгийн сэдэв бол олон төрөл байдаг. Ихэвчлэн аав ээж, нутаг усны нийтлэг сэдэв байдаг мөн л энэ сэдвээр оролдож хийсэн байгаа. Хайр дурлалын сэдэвтэй, ер нь бол төрөл төрөл байгаа. Яг тэгж ангилж тоолж үзээгүй.

-Миний танд асуулт болгон тавиагүй ч, та ярихыг хүссэн зүйлээ манай уншигчидад ярьж өгнө үү?

-Миний ярья гэж бодсон бүх л юмыг асуучихлаа. Наадам дөхөж байна. Энэ жил маш олон тийм түүхэн тэгш ойнууд давхацсан жил байна. Бороо хуртай хангай дэлхий ч гэсэн сайхан байна.  Монголчууддаа сайхан наадаарай гэж хэлье. Уяачдынх нь уясан морь бүхэн нь түрүү магнай болж, бөхчүүд нь бяртай хүчтэй, харваачид нь мэргэн цэцэн тийм сайхан байх болтугай. Сайхан наадацгаагаарай гэж хэлье дээ.

-За бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн таньд баярлаа. Уран бүтээлд тань амжилт хүсье?

-Баярлалаа.

Д.Мөнхзул

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top