Д.Лүндээжанцан, Д.Дондог нар ажлаа өгөх санал тавьсан ч хэн нэгэнд тунирхсангүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24


 

Д.Лүндээжанцан дарга ажлаа өгчихлөө. Тэр МАН-ын даргадаа зүгээр л өөрөө хүсэлт гаргасан гэж байна. Түүнийг намын Удирдах зөвлөлийнхөө шахаанд орсон хэмээн эх сурвалжууд хэлж байгаа. Гэхдээ тэр үүнийг үгүйсгээгүй ч, бас тийм гэж тунирхсангүй. Төрийн хүний тулх, ноён нурууг хадгалахыг хүсч буй бололтой. Тэрээр  “Бид бишгүй л хэрэлдэж байдаг хойно доо” гээд инээж сууна. Түүний адил бас Д.Дондог гишүүн ч УИХ-ын дэд даргын суудлаасаа огцрох саналаа намынхаа удирдах зөвлөлд тавьжээ. Ийнхүү УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өөрийнх нь  намын гишүүн, хоёр  дэд даргаасаа салж байна. Эцсийн дүнд сонгуулийн хуулийн маргаан л тэднийг суудлаа тавьж өгөхөд хүргэсэн нь тодорхой боллоо. Сонгуулийн хуулийн шинэ төслийг Д.Лүндээжанцан нь гардаж байжээ. Тэр улсын хэмжээнд нэг тойрог бүхий пропорциональ тогтолцоог чухалчилж байсан гэнэ. Гэвч намын удирдах зөвлөл нь сүүлдээ можаритари систем зонхилсон холимог хувилбар руу зүтгэсэн тул яалт ч үгүй зөрчилдөх болжээ. Мөн УИХ-ын хурал дахь Ардын намын бүлгийн  даргын хувьд Д.Лүндээжанцан нь бүлэг дээрээ хуулийн төслийг сайтар хэлэлцүүлээгүй гэсэн шүүмжлэлд ч өртөөд байж. Д.Дондог гишүүний хувьд мөн ялгаагүй. Иймэрхүү зүйл түүнд нөлөөлснөөс гадна өөр асуудал хүзүүг  нь ороожээ. Юув гэвэл, өмч хөрөнгө идэж уусан, авлигад өртсөн гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан мөрдөн шалгах болсон явдал юм. Гэвч тэр авлигын хэргээр тус газрынхан намайг шалгаагүй, шалгах ч үгүй хэмээн мэдэгдэж буй хэдий ч яах аргагүй иймэрхүү маргаан үүсгэгчид нь зарим баримтуудыг хэвлэлд нийтэлж эхэлсэн байна. Ийнхүү Ардын намын удирдах зөвлөл УИХ-ын дэд дарга нараа жийлээ. Харин орных нь хүний тухай ярианы түрүүчийг сонжвол Ө.Энхтүвшингийн нэр тодорч байна. Гэхдээ хэнийгээ дэд дарга болгохоо намынх нь Удирдах зөвлөл удахгүй шийдэж, саналаа УИХ-д оруулах биз ээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top