Санал асуулгад оролцсон Оросуудын 34 хувь нь авлигачдаа “буудна” гэсэн бол монголчуудын 77 хувь нь Засгийн газартаа “итгэхгүй байна” гэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24


 

Хаа сайгүй л олон нийтийн санал асуулгууд өрнөж байна. Сонгууль ойртох тусам энэ нь бүр залхаах бололтой. Хятад, Орост ч бас санал асуулгын хур бууж байгаа. Ялангуяа Орост Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ сонсогдож эхлээд буй тул манайхаас дутахааргүй юм болж байна. Гэхдээ ямархуу сэдвээр санал асуулга явуулж, дүнг хэрхэн гаргаж, асуудлыг яаж шийдэх гэж байгаа нь тун сонин. Зарим санал асуулгууд хүн аймаар дүн гаргаж ирээд танилцуулснаа чимээгүй болно. Энэ нь манайд ч, Орост ч бас адилхан. Саяхан Оросын “Коммерсант” сониноос нэлээд сонирхолтой санал асуулга явуулжээ. “Өөрчлөлт, шинэчлэлтийн 20 жил бидний нүдээр” сэдэвт уг санал асуулгаар Оросын иргэдийн 34 хувь нь “Авлига авсан нь тогтоогдсон төрийн албан хаагчдад цаазаар авах ял оноох хэрэгтэй” гэж үзжээ. Мөн санал асуулгад оролцогчдын 24 хувь нь “Авлигачдыг хааяа буудаад алчихмаар санагддаг” гэсэн байна. Эдгээрээс харахад тус улсад авлига, хүнд суртал нь эгзэгтэй нөхцөл байдлыг үүсгэх төлөвтэйг харуулж байгаа аж. Тиймээс В.Путин авлигын эсрэг тууштай тэмцэхээ мэдэгдсэн. Түүнчлэн бизнесийнхнийг улс төрөөс ангид байлгахын төлөө эрчимтэй ажиллахаар болсон юм. Тэгвэл манайд авлигатай тэмцэх асуудал сүүлийн үед зогсонги байдалд орлоо. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга нар ял эдлэх болсонтой нэг талаар холбоотой болов уу. “Коммерсант” сониныхон дээрх судалгаагаа Германы хөрөнгө оруулалттай Эбертийн сан Төрийн бус байгууллагын санхүүжилтээр хийсэн юм байна. Тэгвэл манайд Бүх ард түмний их хуралдай хэмээх олон нийтийг хамарсан хөдөлгөөн өрнүүлж буй  Үндэсний шинэ нам, Н.Энхбаярын байгуулаад нэрээ баталгаажуулж чадаагүй байгаа МАХН хамтран иргэдийн дунд санал асуулга явуулж байна. Тэд урьдчилсан дүнгээ танилцууллаа. Санал асуулга нь ердөө л хоёрхон асуулттай. Нэгд, “Сонгуулийн амлалтаа биелүүлээгүй МАН, АН-ын байгуулсан Засгийн газарт итгэж байна уу” гэжээ. Хоёрт, “Таван толгойн орд газрыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд өгөх нь зөв үү” гэсэн байна. Зөвхөн нийслэлд ийм хоёр асуулт бүхий саналын хуудас 375 мянгыг тараасан гэнэ. Үүнээс 366 мянган хүн нь санал өгчээ. Тэдгээр хүмүүсийн 77 хувь нь “Өнөөгийн Засгийн газарт итгэхгүй байна” гэсэн бол 23 хувь нь “Итгэж байна” гэжээ. Таван толгойн асуудлаар иргэдийн 81 хувь нь “Энэ ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд өгөх хэрэгтэй” гэсэн бол 19 хувь нь “Буруу” хэмээн үзсэн байна. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын зэрэг төр, засгийн өндөрлөгт олон жил ажилласан хүмүүс энэхүү судалгааг өөрсдөө хянаад сууж байгаа гэнэ. Санал асуулгынхаа дүнг удахгүй улсын хэмжээнд нэгтгэж дуусаад Бүх ард түмний хуралдайдаа өргөн барих ажээ. Тэгээд хуралдайгаас нь энэ талаар ямар нэг шийдэлд хүрэх бололтой. Төр, засагт хандсан ямар нэг шаардлага, өнөөх урьдын яриад байсан “Огцор” хэмээх үгээ хэлэх биз хэмээн зарим ажиглагчид хэлж байна.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top