Улсын Дээд шүүх удтал дуншсаны эцэст МАХН-ыг өнөөдөр хууль ёсоор хүлээн зөвшөөрөв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24


 

Олон сар, өдрөөр нэрээ баталгаажуулах гэж Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн үүд сахиж суусан МАХН-ынхан өнөөдөр Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх бүрэлдэхүүний шийдвэрээр нэрээ авлаа. Энэ оны 3 дугаар сарын 30-нд Дээд шүүхээс тус намын нэрийг түдгэлзүүлээд байсан юм. Дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн 15,6 гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхэд эргэлзэж байгаа тухай бичгээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн байлаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар харин саяхан зөрчөөгүй гэсэн хариу өгсөн байв. Ингээд МАХН-ын Удирдах зөвлөл дахин энэ оны 6 сарын 20-нд Дээд шүүхэд хандан өмнөх түдгэлзүүлсэн шийдвэрээ цуцалж, намын нэрийг хууль ёсоор бүртгэж авах хүсэлтийг тавьсаны дагуу ийнхүү бүртгэж авчээ.  Улсын Дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанд  Иргэний танхимын шүүгч Ж.Зандраа, Ц.Амарсайхан, Б.Доржготов болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар оролцсон байна. Ингээд МАХН нэрээ албан ёсоор авав. Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн хүрээнийхэн, иргэдийн дунд Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх нь өнөөгийн эрх баригчдад үйлчилдэг, улс төрийн хараат байгууллага болжээ гэсэн шүүмж өрнөөд байсан юм. Тэгвэл үүнд Улсын Дээд шүүх цэг тавив.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top