Төрийн ордон руу сум тавьсан хэргээр нь баривчилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Орон нутагт “нутаг чөлөөлөх” ажиллагаа явуулж байсан “Гал үндэстэн” холбооны долоон гишүүнийг баривчлан саатуулаад байгаа. Харин ЦЕГ-аас хөдөлгөөнийхнийг ямар үндэслэлээр саатуулсан тухай албан ёсны мэдээллийг өглөө. "Гал үндэстэн" холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон. Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нарыг энэ сарын 23-наас Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар Цагдан хорих 461 дүгээр ангид, Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг 30 хоногийн хугацаатай Албадан саатуулах 111-р ангид саатуулж байна. Харин УМБГ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хөдөлгөөний гишүүдийг цагдан хорьж, албадан саатуулсан үндэслэлдээ дараах тайлбарыг өгсөн юм. Тодруулбал, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар нар энэ сарын 22-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг "Гурван тамга" компанийн усан бууны генератор руу буудсан учир бусдын өмч хөрөнгөд санаатай халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 153.2-т зааснаар хэрэг үүсгэсэн байна. Тэд мөн өнгөрөгч оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан "Пураам" компанийн техник рүү 22 удаа, "Сентерра гоулд" компанийн техник хэрэгсэл рүү гурван удаа буудсан хэмээн эрүүгийн хэрэгт татагдаад байсан. Өмнө нь үйлдсэн хэрэг эцэслэн шийдэгдээгүй, хэрэгт холбогдогчид батлан даалтад байцаагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь цагдан хорих үндэслэл болсон тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал хэлсэн юм.

Харин М.Баатархуяг, Д.Төмөрбаатар нарыг энэ сарын 3-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Төрийн ордны гурван давхрын 36 тоот өрөөний цонх руу нум сумаар харваж танхайрсан хэрэгт буруутгаж, эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хөдөлгөөнийхний төрийн ордон руу нум сумаар харвасан үйлдлийг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар өгч, тус газраас СБД-ийн прокурорын газраас тус дүүргийн цагдаагийн хэлтэст харьяалал тогтоон шилжүүлжээ.

Албадан саатуулах 111-т саатуулагдаад буй Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нөөс өнгөрөгч сарын 24-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн 15.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног баривчлах шийдвэр гаргасан аж.

Цагдан хорих 461 дүгээр ангид гэмт хэргээ давтан үйлдсэн гэх үндэслэлээр саатуулагдаад буй Ц.Мөнхбаяр нарын өмнөх хэрэг шийдэгдээгүй байсан тул тэд шүүхээс зөвшөөрөл авч, орон нутаг явах ёстой байсан аж. Мөн нутаг чөлөөлөх ажиллагааг хийж болохгүй тухай анхааруулсан шаардлага, хүсэлтийг цагдаа, хууль хяналтын байгууллагаас удаа дараа тавьсан байна. Гэсэн ч анхааруулгыг үл тоон галт зэвсэг хэрэглэсэн нь баривчлагдахад ийн хүргэжээ. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр мөн тус холбооныхон энэ сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Өрөмт гэдэг газар алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Ирмүүн босго” компанийн уурхайд үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьж очихдоо мөнгө нэхсэн гэж байв.

Тус компани дээр очиж, захирал Ц-г дуудаж гаргаж ирэхдээ 40 гаруй морьтой, буу шийдэм, зандан ташуур барьсан байсан бөгөөд УЗГ Ц.Мөнхбаяр “Энэ хүмүүсийн хоолны мөнгө өдөрт 25000 болдог учир багц мөнгө гаргаж өг” гэсэн аж. Хөдөлгөөнийхнийг хараад хүчинд автан 500 мянган төгрөг өгөөд “танай холбоог дэмжиж байна, хандив болгон мөнгө өглөө” гэсэн бичиг бичиж өгсөн ч захирал Ц цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна.

“Гал үндэстэн” холбооноос энэ мэдээллийн талаар асуухад “Энэ бол цэвэр гүтгэлэг. "Ирмүүн босго" компанийн захирал Ц бидний үйл ажиллагааг дэмжиж байна, алт олборлох үйл ажиллагаа явуулахаа зогсооно гэсэн бичиг өөрөө сайн дураараа бичсэн хэрнээ хүчээр бичүүлсэн мэтээр цагдаагийнханд гомдол мэдүүлсэн байна» гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top