МАХН өнөөдрөөс шинээр гишүүд бүртгэж авна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Улсын Дээд шүүх баасан гарагт МАХН-ын нэрийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Иргэний танхимын тэргүүн шүүгч О.Зандраа, шүүгч Ц.Амарсайхан, Б.Доржготов нар оролцов. Харин МАХН-ыг төлөөлж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цогт, хуулийн зөвлөх О.Баасанхүү болон намын гишүүдийн төлөөлөл оролцсон байна. Улсын Дээд шүүх уг асуудлыг хянан хэлэлцээд, намын нэрийг бүртгэх шийдвэр гаргалаа. Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрт “Улс төрийн намуудын улсын бүртгэлд Монгол Ардын Хувьсгалт Нам буюу МАХН нэртэй нам байхгүй тул Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн бүтэн, МАХН гэсэн товчилсон нэртэй намыг улсын бүртгэлд бүртгэх нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зүйл заалтад харшлахгүй” гэсэн байна. Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан МАХН-д Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардуулан өглөө. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан зохицуулалтын “нам энэ хуульд заасны дагуу нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэрийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 15-ны өдөр 02 дугаар дүгнэлт гарсан тул Үндсэн хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хуулийн зүйл, заалтыг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд тайлбарлан хэрэглэх үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэж, хуулийн дээрх заалт өөр намын урьд авч байсан нэрийг шинээр байгуулагдаж буй нам дахин хэрэглэх тохиолдолд хамаарахгүй гэж тогтоолдоо заасан байна.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал намаа бүртгүүлснийхээ дараа сэтгүүлчдэд “Манай нам ард иргэд, гишүүддээ зориулан үргэлж гэнэтийн бэлэг барьсан үйл ажиллагаа явуулна” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ үйл явдлын дараа МАН-ын удирдах зөвлөл хуралджээ. Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Өнөөдөр Улсын дээд шүүх МАХН гэсэн нэрийг бүртгэсэн байна. Энэ нам бол Монголын 19 дэх буюу шинээр байгуулагдсан нам болж байгаа. 90 жилийн түүхтэй ууган нам болох МАН-тай огт хамаагүй. Манай намын хуучин нэрийг авсанд нь харамсч байна. МАН Улсын дээд шүүхэд нэгдүгээрт бүртгэгдсэн нам шүү гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Өчигдөр МАХН-ын Түр штабт очиж тус намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Даваанямтай уулзлаа. Тэрбээр “Зөвхөн манай МАХН-ын хуучин гишүүд төдийгүй ард иргэд, МАН-д харьяалагдаж байгаа олон хүн, бидэнтэй хамт зовлон, жаргалаа хуваалцаж, эвсэл хөдөлгөөний нөхөд баяр хүргэж байгаад өндөр сэтгэгдэлтэй байна. Бид баасан гарагт нэрээ авсан бөгөөд бямба гарагт л гэхэд 60 гаруй хүн биднийг зорин ирлээ.

Гишүүнчлэлээ сэргээе гэхээс гадна шинээр элсэх хүсэлтэй хүмүүс ч олон байна. “МАН-аас гарч хуучин МАХН-даа элсэнээ” гэсэн хүмүүс ч байна. Бид тэр бүх хүсэлтэд хариулж “Та бүхэн даваа гарагт хүрэлцэн ирнэ үү. Даваа гарагаас бид шинээр гишүүнд бүртгэж эхэлнэ” гэсэн хариу өгөөд байгаа гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top