“100+ төслүүд”  төгсдөггүй үлгэрүүдийн түүхийг давтах вий!

2021 оны 07 сарын 23

Л.Оюун-Эрдэний удирдаж буй Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа хоёр сар гаруйн  өмнө тайлагнаж, танилцуулсан билээ.

 

Тайлантайгаа зэрэгцэн эдийн засгийн хүрээг ирэх жилүүдэд тэлэх, эрчимжүүлэх 100+ төслийг хэрэгжүүлнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Ийн мэдэгдсэнийхээ маргааш Ерөнхий сайд Төрийн ордонд бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.

Засгийн тэргүүн Монголын эдийн засгийн хүрээг өргөтгөх олон арван макро төслийн талаар ярилцахаар бизнес эрхлэгчдийг дуудсан. Харин уулзалтад ирсэн бизнес эрхлэгчид тулгамдсан олон зовлонгоо тоочсон билээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь  явуулах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Сүүлийн мэдээллүүдээс үзэхэд, Ерөнхий сайд авлигыг жигшдэг хандлагыг хоёр жилийн дотор нийгэмд бий болгоно энэ тэр гэсэн өөдрөг зүйлсийг хэлж ярьж байна. Ер нь бол манай тухайд хийхээсээ ярих нь их байдаг буруу жишиг тогтчихсон гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.

Тухайлбал, Засгийн газраас тодотгоод буй 100+ төслүүд хэрхэн яаж хөрсөн дээр буух вэ гэдэг талаар бодлогын түвшинд дорвитой ажлууд хэдийд хийгдэх вэ гэдэг дээр зураглал тодорхой бус л байна. Ерөнхий сайд хэлэхдээ энэ хүрээнд уул уурхайн салбарт бодлогын реформ хийнэ гэсэн. Геологи хайгуул, олборлолт гэсэн үндсэн бүтэцтэй өнөөдрийг хүртэл явж ирсэн уул уурхайг  нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг салбар болгож, борлуулалттай холбоотой реформ хийж, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ гэсэн. Засгийн тэргүүний яриад буй уул уурхайн салбарт түшиглэсэн реформын тухай сэдэв  олон ч жил яригдсан, хөрсөн дээр буудаггүй асуудлууд л даа.

Зэс баяжуулах үйлдвэр барихаар зургаан байршилд судалгаа хийхэд эхний гуравт Эрдэнэт, Налайх, Оюутолгой хамгийн тохиромжтой гэж гарсан гэх мэдээллийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлж байсан. Гэвч “хамгийн тохиромжтой” нөхцөл боломжууд байгаа талаар,  Тавантолгойг, Эрдэнэтийг түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулах, Монгол Улс зэс, гангийн үйлдвэртэй болох боломжууд байгаа талаар арван жилийн өмнөх Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ч цагаан цаасан дээр зураглаж байсныг дахин сануулъя. Өнөөдрийн Үндэсний Хөгжлийн Газар ч хуучирдаггүй төслүүдийг засгийн бодлогоор ноороглож л байгаа янзтай. Ач холбогдол дагуулах том төслүүд хэзээ ажил хэрэг болох вэ. Хэзээ тэдгээр төслүүдийн үр шимээр эдийн засаг тэлэх вэ, тийм боломж бидэнд бий юу  гэдэг асуултын хариултыг олохын тулд  их олон асуудалтай холбогдоно.

Түүнчлэн  бизнес эрхлэгчдийн хэлж ярьж буй зүйлсээс зарим хариултыг олж харж болох юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сарын 11-нд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр тэдний илэрхийлсэн байр суурийг тодотгон хүргэе.


“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Жижиг, дунд бизнесээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Уул уурхайн бирж байгуулах цаг болсон.  Том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулж  зээлийн шугам нээх  шаардлагатай байна. Дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж, хамгийн ихдээ 20-30 сая ам.доллар авах боломжтой байдаг. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгож, хүүгийн төлбөрт жилд 40-50 сая ам.долларыг гадагшаа төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр авч дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх. Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя.  Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжье.

“Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш: Залуус ажиллаж хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдардаг боллоо. Сургаж ажилд авъя гэхэд ирдэг хүн байдаггүй. Үүнд анхаармаар байна. 10 их наядын цогц төлөвлөгөөг бодитой, үр дүнтэй байхад анхаарах хэрэгтэй. Манайх гэхэд л Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Гаргасан шийдвэр дунд шатандаа хэрэгжиж байгаа эсэхэд анхаарна уу.  

 “Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн: Төмөр замын бетон дэр үйлдвэрлэгчдийн нэгдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Гурван аж ахуйн нэгж хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй. Банкны зээл, цемент, арматурын өрнөөс гадна элс, хайрга, дайрга нийлүүлэгч болон тээврийн компаниудад төлбөрөө төлөөгүй, ажилчдынхаа цалинг  өгөөгүй байна.

“Алтан жолоо трейд” группийн ерөнхийлөгч В.Энхбаатар: Замын-Үүд-Эрээний тээвэр үнэхээр хүнд, хил гардаг тээврийн хэрэгслийн тоо буурсан. Хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хүмүүс авлига нэхдэгээс болж тээврийн зардал өссөн гэдэг нь худлаа юм билээ. Манай зарим жолооч, хилийн цаана байгаа өвөрмонгол иргэдтэй холбоотой. Үүнд анхаармаар байна.

“АПУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Олон хүнийг ажлын байраар хангадаг, ялангуяа эмэгтэйчүүдийг ажилтай болгодог хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр 100+ төсөлд хэр тусгагдсан бол. Үүнд анхаарна уу.

Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал: Дэмжиж ажиллахад бэлэн. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг  дэмжиж байгаад талархаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлчилгээний салбартаа анхаарах хэрэгтэй.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд,  “Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя. Хэрвээ аж ахуйн нэгжүүд тухайн нэг төслийг сонирхож байгаа бол тэр төслөө ганцаарчилсан болон хэсэг бүлгээрээ, эсвэл салбараараа тал бүрээс нь ярьж байя” гэсэн юм.

Үнэхээр түүний ярьсан шиг хаа хаанаа байж чадвал  чадвал сайн хэрэг. Улс төр, бизнес хоорондын зааг ялгааг гаргаад, эрүүлээр түншлэн урагшлахгүй бол  “100+ төслүүд”  жаргадаггүй олон үлгэрүүдийн нэг болох юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ме(192.82.91.120) 2021 оны 07 сарын 23

Сүүлийн жилүүдэд ямар ч том төсөл урагшаа ахисангүй. Төрд ажилладаг хулгайч,дээрэмчингүүд хувьд нь ахиухан юм унахгүй л бол хөдлөхгүй, бүр саад тээг болдог. Одоо тэгээд ийм новшнуудаас эхэлж салж бж л хөгжих тухай төсөөлж болох юм даа.

0  |  0
АН(192.82.71.210) 2021 оны 07 сарын 23

Ядахдаа ярихаас цаашгүй боловсролгүй ерөнхий сайд гэж дуулаагүй шүү.Нөгөө улиг болтлоо ярьсан 5 толгойн цахилгаан станц Эрдэнэбүрэн УЦС ядахдаа яагаад таг болчихвоо ОЮУЭРДЭНЭ ээ

3  |  0
Top