Бодлогын хүүг 6 хувьд ХЭВЭЭР үлдээлээ

2021 оны 09 сарын 16

Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасныг  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ./2021.09.16/

Эдийн засгийн нөхцөл байдал, ковидын эрсдэл, инфляцын өсөлтийн уг шалтгаануудыг аваад үзэхээр Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа Бодлогын хүүг дахин 6 хувьд хэвээр хадгалж үлдээх магадлал өндөр талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан.

Уг шийдвэр гарах үеийн нөхцөл байдлыг сануулахад, инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7 хувьтай байсан юм.

Тэгвэл ҮСХ-ноос өчигдөр өгсөн мэдээллээр инфляц буюу үнийн өсөлт наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч, Төв банкны зорилтоос даваад буй.

Мөнгөний бодлогын хорооны зүгээс  “Инфляцад нэг талаас эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бол дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, түр зуурын шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц богино хугацаанд өсөх хэдий ч 2022 оноос зорилтын орчимд тогтворжино” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

Түүнчлэн  өмнөх шийдвэрээ гаргасныхаа дараа “Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн идэвхжил, төлөвтэй уялдуулан инфляцын зорилтыг хангахад чиглэсэн бодлогын тохируулгыг шат дараатай авч хэрэгжүүлнэ гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top