Б.Ууганбаяр: Ор нэмж дэлгэсэн ч ажиллах ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Иргэд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэмж ор дэлгэх боломжгүй. Ор дэлгэлээ гэхэд тэнд ажиллах эмч, мэргэжилтэн байхгүй байна. Учир нь, эмч нарыг нэг өдрийн дотор бэлдэх боломжгүй. Гэхдээ хөдөө, орон нутагт тодорхой хэмжээнд ор дэлгэх ажил хийгдэж байна" гэлээ. 

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица "Зай барих нь маш чухал. Олноороо цугласан газарт халдвар улам дэгддэг, халддаг. Өвчтнийг ямар тохиолдол хаана, яаж эмчлэх вэ гэдэг дээр нарийн зохион байгуулалтад орох шаардлага байдаг. Эмнэлэгт тодорхой шалгуур хангасан тохиолдолд хэвтүүлдэг. Эрчимт эмчилгээ шаардлагагүй тохиолдолд гэрээр нь байлгаж байна. Тусгаарлаж, сайн хяналт тавих хэрэгтэй. Тухайн өвчтний амь насанд аюул заналхийлээгүй тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэхгүй байх чиглэлийг дэлхийн олон орон баримталж байна. Зөвхөн мэдээлэл дээр тулгуурлаж хяналт тавиад зогсохгүй идэвхтэй эргэлт хийж, хяналт тавих нь чухал гэж бодож байна" гэж ярилаа. 

Top