Дэлхийн банк: Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буурууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Дэлхийн Банкнаас  Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн сэргэлт ковидын дельта хувилбарын тархалтаас үүдэн удааширч, улмаар аж ахуйн нэгж, айл өрхөд ирэх дарамт даамжирч, эдийн засгийн өсөлтийг сааруулан, тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байна хэмээн өнөөдөр /2021.09.28/ мэдэгдлээ.

Тус байгууллагаас манай улсын талаар мэдээлэхдээ  “Эрчимтэй вакцинжуулсны үр дүнд бүс нутаг дундаа Монгол Улс хүн амынхаа 60-аас дээш хувийг бүрэн вакцинжуулсан хоёр улсын нэг болоод байна. Вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсны зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирч, засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөр, арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5 хувиар, 2022 онд 5.2 хувиар өсөх төсөөлөлтэй байна.

Цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны хоёрдугаар  улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна.

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх боловч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэж, урт хугацаанд өрх гэрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэдэг зовнилыг бий болгож байна. Тийм ч учраас цар тахлыг хумьж, гадаад орчны харьцангуй таатай нөхцөлийг ашиглан эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй дэмжлэг, зарцуулалтуудыг аажмаар бууруулах нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний төсвийн шинжтэй зарцуулалт нь далд өрийг нэмэгдүүлэх, гадаад орчны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй юм” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top