КОВИД-19: Эмнэлэгт 6727, гэрээр 27107 хүн эмчлүүлж байна  

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.10.18) боллоо. 

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. 
 

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч  хүнд болон хүндэвтэр хүмүүс,  тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна.

Эмнэлэгт 6727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27107 хүн гэрээр эмчлүүлж байна.

Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаагийн дээр нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Харин гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагджээ.

Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа. Оюутны байруудад явуулын баг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож, бүгд вакцинаа хийлгэсэн. Мөн 12 байгууллагын 942 хүнд, гэрээр 1509 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд  явуулын багийнхан вакцин тарьсан.  

Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь, жирэмсэн эхчүүдийн  94.5 хувь хамрагдаад байна гэдгийг мэдээллээ.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаар өвдсөн жирэмсэн эхчүүдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч байгаа бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр л гэхэд 69 жирэмсэн эхэд халдвар илэрснээс 64-ийг нь хэвтүүлэн эмчлүүлж буй аж.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж байгаа аж. 

Төрийн байгууллагуудын зөвлөгөөн, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болголоо

 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
 

  • Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах,
     
  • Цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах,
     
  • Гамшгаас хамгаалах алба болон бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд нэгдсэн шуурхай штабын  үйл ажиллагааг дэмжиж, үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах,
     
  • Төрийн байгууллагуудын сургалт, цуглаан, зөвлөгөөнийг цахим хэлбэрт шилжүүлэх, хувийн хэвшлийнхнийг манлайлж ажиллах, ёс зүйн хэм хэмжээг нягт баримтлах,
     
  • Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник, тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах,
     
  • Өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын үлдсэнийг шуурхай дуусгах, ухсан нүх, сэндийлсэн газрыг хэвийн байдалд оруулах,
     
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах,
     
  • Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах,
     
  • Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(122.201.23.219) 2021 оны 10 сарын 18

Өчигдөрхөн 84,0 мянгад байсан халдвартай хүний тоо 33824 болчих юм. Наад тоон дээрээ мэргэжлийн хүн ажиллуулмаар юм. Халдвартай хүний тоог үнэн мэдээлмээр байна. иргэдэд энэ мэдээлэл маш чухал байдаг

0  |  0
Top