Угаартсан иргэдийн 45 хувийг хүүхдүүд эзэлж байна

2021 оны 11 сарын 10


Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэлх нэг сарын хугацаанд “Угаарын хийнээс урьдчилан сэргийлье” аяныг санаачилж, танилцуулсан билээ. Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх тус аяны дүгнэлт, цаг үеийн мэдээллийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэцэх газар, “Тавантолгой түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийлээ.


АРАВ БОЛОН ДӨРӨВДҮГЭЭР САРД УГААРЫН ХИЙН ЭРСДЭЛД ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ӨНДӨР БАЙДАГ
 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

-Энэ оны аравдугаар сарын 1-нд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас угаарын эсрэг нэг сарын аян зарласан. Уг аяны хүрээнд болон угаарын хийн хордлогын эсрэг хийж байгаа ажлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор хийж байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын эрсдэлд өртөх, амь насаараа хохирох асуудал нэмэгддэг билээ. Ялангуяа жил бүрийн аравдугаар сар болон дөрөвдүгээр сард угаарын хийн эрсдэлд өртөх тохиолдол өндөр байдаг. Өнгөрсөн жилийн хувьд нийт угаарын эрсдэлд орсон хүмүүсийн 90-95 хувь нь галлагаа дуусаагүй байхад өрхөө бүтээсэн, яндангаа авсан тохиолдол их гарч байсан. Өөрөөр хэлбэл иргэдийн түлш түлэх мэдлэг, мэдээлэл дутмаг байсан гэсэн үг. Тиймдээ ч бидний зүгээс энэ талын мэдээллийг түгээх аяныг хэрэгжүүлж байсан билээ. Харин энэ жил иргэд түлшээ яаж түлэх, угаарын эрсдэлээс хэрхэн сэргийлэх, угаарын эрсдэлийн дуут дохиог зөв ажиллуулах тал дээр мэдлэгтэй болжээ.

Угаарын эрсдэлд зөвхөн томчууд гэлтгүй ухамсарт бусаар хүүхдүүд ч мөн өртөж байдаг. Нийт угаартсан иргэдийн 45 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна. Угаарын хий үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрсдэл учруулаад байгаа юм.

Тиймээс энэ талаарх сэрэмжлүүлгийг иргэддээ тогтмол хүргэж, анхааруулгыг өгөх нь үр дүнд хүргэнэ. Бидний зүгээс угаарын хийтэй холбоотой ажлыг зөвхөн аравдугаар сард хийдэггүй. Энэ сард эрсдэл хамгийн өндөр байдаг учир ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэх тал дээр илүүтэй анхаарч ажилладаг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2970 иргэн угаартсан гэх дуудлага бүртгэгдсэн. Эрсдэл хамгийн өндөр байдаг аравдугаар сард гэхэд 712 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин энэ оны аравдугаар сард нийт 430 угаарын дуудлага бүртгэгдсэнээс хүүхэд 198, насанд хүрсэн 232 иргэн байв. Гэхдээ эдгээр угаарын хийтэй холбоотойгоор ирсэн дуудлагыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс шалгахад 76 өрхийн 205 угаарын дуудлага байсан юм.

Бусад нь мэдээлэл давхардсан болон даралт ихсэх, толгой өвдөх зэрэг өөр шалтгаантай дуудлага байсныг олж тогтоосон. Үүнээс үзэхэд өнгөрсөн жилийн аравдугаар сартай харьцуулахад 282 тохиолдлоор буурсан байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ тоо тайвшрах хэмжээнд хүрээгүй байгааг анхаруулах хэрэгтэй.

Цаашид аль болох угаартах эрсдэл үүсгэхгүй, угааргүй байлгах нь бидний зорилго юм. Угаарын хийн эрсдэлийн эсрэг  нийслэлийн Тавантолгойн байгууллагаас гадна орон тооны бус 4500 ажилтан, хороо, дүүрэг, хэсгийн ахлагч нартай хамтардаг. Эдгээр хүмүүс айл, өрх бүрээр орж угаарын эрсдлийн эсрэг, түлштэй холбоотой мэдээллийг иргэддээ өгч ажилладаг юм. Мөн “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны 500 гаруй албан хаагч бүх хороо, дүүргээр явж ажиллаж байна. Энэ хүрээнд жилийн жилд маш их хүн, хүч гаргаж угаарын эрсдэлээс сэргийлэх олон ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд  “Яндангаа хөөлье” аяныг хэрэгжүүлсэн. 

Сайжруулсан түлш хэрэглэж байгаа тохиолдолд яндангаа хөөлөх нь сар бүр хийж, амьдралдаа хэвшил болгох ёстой чухал зүйл байдаг. Гэтэл үүнийг хэрэгжүүлээгүй эсвэл хэрэгжүүлэх боломжгүйн улмаас угаартсан тохолдол гарч байгаа. Тиймээс энэ жил угаарын хийнээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд 10 мянган зорилтот өрхийн янданг хөөлж өгч байгаа. Учир нь өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг гэр, байшин дээрээ гарч яндангаа хөөлөх чадваргүй, бололцоогүй айл, өрх цөөнгүй байна. Айлын янданг нь хөөлж өгөх хэмжээнд хүртэл угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн энэ жилийн хувьд нэг чухал  зүйл нь “Тавантолгой түлш” компани угаар мэдрэгч дамжуулагчийг өрх бүрд байршуулах ажил хийгдэж байгаа. Энэ нь ямар нэгэн айлд угаарын эрсдэл үүсэхэд “Тавантолгой түлш” компанийн угаарын төв дээр дохиолол хамт ирдгээрээ давуу талтай. 

Ингэснээр угаарын хийн эрсдэлд орсон айл өрхтэй холбогдож, болзошгүй эрсдэлээс сэргийлж чадах юм. Үүнээс гадна ард, иргэддээ цахим хаяг, радио, телевизийн нэвтрүүлэг, телефоны операторуудаар дамжуулан угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байна. Гэр хорооллын  сургуулиудын сурагчдад “Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх” мэдээлэл өгөх сургалтыг мөн зохион байгуулж байгаа.

Энэ мэтчилэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч нийт 200 мянган өрхийн 200 орчим өрх угаарын эрсдэлд өртсөөр байна. Үүний шалтгаан нь шинээр нүүж ирээд угаар мэдрэгчээ аваагүй, сайжруулсан шахмал түлшний талаарх мэдээлэлгүй, зуух яндангийн битүүмжлэлийг шалгаагүй зэрэг асуудал юм. Тиймээс бид энэ тал дээр анхаарч, угаарын эрсдэл байхгүй болох түвшинд хүртэл ажиллах болно. Энд бас нэг зүйлийг хэлэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрдүүлдэг олон эх үүсвэр байдаг.

Тухайлбал, хүхэр, тоос, тоосонцорын агууламж, нүүрсхүчлийн хий зэрэг юм. Үүний нэг эх үүсвэр болох агаарын бохирдлын 80 хувийг эзэлж байсан гэр хорооллын утааг 50 хувьд хүргэж чадсан. Энэ хэмжээг илүү сайн бууруулахын тулд дахин төлөвлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тоосжилтыг багасгаснаар үр дүнд хүрнэ.

 

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЯНДАНГИЙН ХААЛТЫГ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ХААЖ БОЛОХГҮЙ

 

“Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:

-Манай байгууллагын зүгээс угаарын хийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. “Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотод байгаа гэр хорооллын иргэдийг тасралтгүй түлшээр хангах зорилготой. Гэсэн хэдий ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд угаарын хийн эрсдэлийн асуудалд анхаарал тавьж ажиллах үүднээс бүхэл бүтэн алба байгуулаад ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 210 мянга гаруй өрхөөс 1870 мянга гаруй өрх сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна. Эдгээр өрхөөс угаарын хийн эрсдэлд өртөх тохиолдол гарч байгаа. Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор иргэд гэрийнхээ дулааныг алдахгүй гээд яндангийн хаалт, сойлтыг хаах болсон. Энэ нь угаарт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Нийт дуудлагын 70 хувь нь яндангийн сойлтыг хааснаас болж угаарт өртөж буй юм. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд яндангийн хаалтыг ямар ч тохиолдолд хааж болохгүй. Мөн дээр дурдсанчлан яндангаа хөөлөх аяныг эрчимжүүлж байгаа. Энэ нь угаарын эрсдэлийг бууруулахад маш том түлхэц болж байна

. Манай албанаас хэрэгжүүлж буй дараагийн нэг ажил нь өрхийн угаар мэдрэгч дээр нэмэлтээр дамжуулагч суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар 10 мянган айлд дамжуулагч суурилуулсан. Анхны дохио аравдугаар сарын 6-нд ирсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрлээ гэх дохио ирээд байна. Эдгээр тохиолдол бүрт бид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Угааарын хийн дохиолол гал түлэх болон унтрах үед илүүтэй ирж байна.

Үүний хажуугаар иргэд маань шалгах байдлаар албаар угаарын хий ялгаруулсан тохиолдол гарч байгаа. Угаарын хийн дохиолол ирэх үед тухайн айл руу залгахаар “Танайхаас тавьсан дамжуулагчийг хэр ажиллаж байгааг шалгасан юм” гэх тайлбарыг өгч байх жишээтэй. Гэхдээ бид зорилтот бүлгийн өрхүүдэд уг дамжуулагчийг суурилуулсан. Нийт 187 мянган өрх бүрд суурилуулаагүй учир үлдсэн иргэд байнга анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Цаашдаа иргэддээ анхааруулж хэлэхэд угаарын хий мэдрэгчээ байнга ажиллуулж, хэвийн ажиллагааг шалгаж байх нь чухал юм.  Энд бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд хуурамч дуудлага маш их ирж байна. Тухайлбал, яндангаа өөрсдөө хөөлөх бүрэн боломжтой атлаа дуудлага өгдөг. Очихгүй байхаар угаартсан гэх мэтээр худлаа дуудлага өгч байна. Мөн цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага иргэддээ хүрч үйлчилж чадахгүй байгаан улмаас угаартлаа гэх дуудлага өгөх арга хэрэглээд байна. Энэ нь угаарын хийн дуудлагыг зохиомлоор нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс энэ мэтээр худлаа дуудлага өгч хаа хаанаа чирэгдэл учруулмааргүй байна.


Б.АЛТАНЗУЛ: ИРГЭДИЙН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААС УГААРЫН ХИЙН ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БАЙНА
 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул:

-Угаарын хийн эрсдэлээс эрдэнэт хүний амийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагын зүгээс энэ оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Ингэхдээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлш, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих тал дээр анхаарч  байгаа.

Үүнд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Байгаль орчны хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн алба “Тавантолгой түлш” компанитай хамтарч байна. Бид иргэддээ түлш хэрэглэх заавар, зөвлөгөө өгч, агаарын чанарын сайжруулах бүсэд түүхий нүүрсийг хулгайгаар нэвтрүүлэхгүйн тулд Улаанбаатар хот руу орж байгаа цагдаагийн пост, авто болон хөдөлгөөн эргүүлүүд хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Мөн шахмал түлшийг хэрхэн аюулгүй, зөв хэрэглэх талаар автомашины чанга яригчаар тухайн гэр хорооллын гудамж, талбай бүрд анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 20 байгууллагын 220 гаруй зуух, таван цахилгаан станц дулаан үйлдвэрлэж байна. Мөн 100 киловаттаас дээш дулаан үйлдвэрлэдэг 187 жижиг зуухаас утаа ялгарч байна гэсэн судалгаа гарсан. Иргэд угаарын хийн эрсдэлд өртөж байгаа голлох шалтгааныг Цагдаагийн байгууллага тодруулахад хэд хэдэн асуудал гарсан юм.

Тухайлбал, яндангаа хөөлөхгүй байх, хур тунадас орсон үед сайжруулсан түлш бүрэн шатаж, дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээх, пийшин, зуухныхаа битүүмжлэлийг сайтар шалгахгүй байх, уут, сав баглаан дээр бичсэн заавар, зөвлөгөөг дагахгүй байх зэрэг шалтгаанууд багтаж байна. Мөн угаар мэдрэгч хэвийн ажиллаж байгаа эсэхийг хянахгүй байна. Энэ мэтчилэн иргэдийн мэдээлэлгүй, хайхрамжгүй байдлаас үүдсэн эрсдэлийг бууруулах, иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, галлагааны үед эрсдэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Ингэхдээ олон төрлийн шторк, контент, мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэддээ хүргэж байна. Тиймээс иргэд маань ч анхаарал, болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top