Д.Болд: Эрээний боомтыг нээхээр идэвхтэй ажиллаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум-2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/ “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна. 

Энэхүү форум үдээс хойш “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Хэлэлцүүлгийн модератороор Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, панелистуудаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг, ГХЯ-ны ОУ-ын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд, Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Цэрэндаш, МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар болон ХБМХҮТП-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр, “Барилгын материалын ханган нийлүүлэлтийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Батсүх, "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар оролцлоо.

Энэ үеэр ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд "Гадаад харилцааны яамнаас хоёр хөрш улстайгаа хилийн хэлэлцээрийн гэрээ байгуулсан байдаг. Хэлэлцээрээр хилийн боомтыг нээж, хаах болон цагын хуваарийг тохирч ажилладаг. Эрээн хотод халдвар гарсантайгаар холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн татдаг чухал Замын-Үүд, Эрээн боомт хаагдсан. Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын 14-ний өдрөөс ачаа тээврийн хөдөлгөөн хаагдсан. Эрээнд дотооддоо маш шуурхай арга хэмжээ авч ажилласан, хатуу хөл хорио тогтоосон. Гадаад харилцааны шугамаар Эрээн боомтын үйл ажиллагаа нээхээр идэвхтэй ажиллаж байна. Эрээн, Замын-Үүд боомтын дундын бүсийн талбай засах ажлыг зохион байгуулсан. Тээврийн дэглэм нь дундын бүсэд Хятадын талаас ачаатай чингэлэг оруулж ирээд буцна. Манай тал ачаатай чингэлэгийг авч, оруулж ирнэ. Ийм хэлбэрээр тээвэрлэлтийг зохион байгуулна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top