Сэргээн засварласан Биг Бен-ийг шинэ жилээр нээнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Дэлхийд алдартай, Лондон хотын нэрийн хуудас болсон Биг Бен цамхгийн цаг Шинэ жилээр хонхоо цохиж, уламжлалт үүргээ дахин гүйцэтгэхээр болжээ. Дөрвөн жилийн турш сэргээн засварласан Биг Бен цагийг Шинэ жилээр нээх юм.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, дөрвөн жилийн хугацаанд олон зуун уран дархнууд тус цамхгийн түүхэнд хийсэн анхны бүрэн хэмжээний сэргээн засварлах ажлын хүрээнд цагны нүүрийн чулуун шигтгээг шинэчилж, цагны эд ангийг сольж, цамхгийг алтан шараар буджээ. Цагны зүү, тоо зэргийг тод цэнхэр өнгөөр будсан байна.

Биг Бен-ийг сэргээн засварлах төсөлд 107 сая ам.доллар зарцуулжээ.

Английн архитектор Огастес Пюжиний төслөөр барьсан 96 м өндөр Элизабетын цамхгийг /Биг Бен/ 1859 онд нээж байсан түүхтэй. Викторийн эрин үеийн дурсгал болсон эл цамхаг ЮНЕСКО-ийн Дэлхийд өвд бүртгэлтэй. 2012 он хүртэл Вестминстерийн ордны цагтай цамхаг гэж нэрлэдэг байсан бөгөөд хатан хаан II Элизабет хаан ширээнд суусны 60 жилийн ойгоор тус цамхгийг хатан хааны нэрээр Элизабетын цамхаг хэмээн нэрдэг болжээ.

Top