МАХН болон МАН-ынхны дунд Идэвхтэн од болох нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

М.А.Х.Н хэмээх дөрвөн үсэг энэ дарааллаараа нийлбэл Монголын ард түмний сайн мэддэг намын нэр болно.  Тиймдээ ч энэ товчлолыг өөрийн болгох гэсэн сонирхол нэгтэнгүүдийн марафон нэг хэсэг үргэлжилсэн. Марафоны ялагч удахгүй тодорно. Удахгүй тодорно гэдэг нь учиртай. Марафонд хүчтэй өрсөлдөн тунаж үлдээд байгаа нь  Энхбаяртангууд болон МАН.
МАХН нь Монгол улсын Намын тухай хууль, Хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгэх тухай хууль, Намын дотоод дүрэм журмын дагуу бол МАН-ынх. Гэтэл Намбарын хүү Энхбаяр улс төрчийн мэх, урд малтаж байсан нүхнийхээ ачаар МАХН-ыг өөрийнх болгосон. Одоо яах вэ? Үндсэндээ таван хариулт гарч ирнэ.
•    Н.Энхбаяр намынхаа тамга тэмдгийг Улсын бүртгэлийн газраас авах асуудал тулгарна.
•    АН сөрөг хүчин байх боломжоо 100 хувь алдана.
•    Н.Энхбаяр гүйцэд найруулаагүй хороо гүйцээнэ.
•    МАХН нэрээ МАН-тай булаацалдан иргэдийн тархийг угаах ажилд эрчимтэй өрнөнө.
•    Д.Идэвхтэн “од” болно.
Олон сараар хүсэн мөрөөдөж байсан МАХН нэрээ Дээд шүүхээр дамжуулан өөрийнх болгосон Н.Энхбаяр одоо намынхаа  тамга тэмдэгийг Улсын бүртгэлээс авна. Авахад хоёр зам бий.  Нэг нь бага асуудалтай тамга тэмдгээ авна. Нөгөө нь асар их асуудалтай авна гэсэн зам бий.  Асар их асуудлыг дэлгүүлбэл: Дээд шүүхээс нэрээ авсан нам одоо тамга тэмдгээ улсын бүртгэлээс авна. Улсын бүртгэлд нь дандаа С.Баярын талын хүмүүс байгаа. Мэдээж тэд “новширно”. Тэгэхээр эндээс олон асуудал урган гарч дахиад л шүүхийн өмнө очиж  МАХН-ын төлөөх марафоны үргэлжлэх хугацаа сунана.
МАХН гэсэн нэрийг Энхбаяртангууд авсан нь АН  сөрөг хүчин байх боломжоо 100 хувь алдсан. Үнэндээ бол тэд хамтарсан засгийн газарт байгуулсан гурван жилийн өмнө л сөрөг хүчин байх эрхээ алдчихсан билээ.  Тэднийг “алдаагаа” засахын завдалгүй Н.Энхбаяр МАХН нэрийг авсан.  Н.Энхбаяр МАХН хэмээх нэрээ буцаагаад  алдчихгүй л бол түүний нам  хамгийн хүчтэй сөрөг хүчин болно.  Гэхдээ атгаад авсан олсны үзүүрээс бат зуурах нь ойлгомжтой.  Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гээд байгаа ИЗ-НН бол МАХН-н дэргэд сөрөг хүчин гэж яриад  амны гарз л болно.
МАХН-ын нэрийг өөрийн болгосон энэ цаг үед Н.Энхбаяр авилгалын загалмайлсан эцэг нэрээ  бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ.  Авилга авах хүмүүс нь тодорхой.  Энэ нь Н.Энхбаярт  өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх, бусад хороо найруулах суурь болно. Бас л сэтгэж байгаа юм шүү энэ Намбарын хүүхэд. 
МАХН нэрээ өөрчлөн МАН болсон тэр цагаас эхлэн МАН ба Энхбаярынхан нэгнээ хэвлэлээр байхгүй болтол нь “хийж”,  Монголын улс төрчдөөс муу хүмүүс дэлхийд байхгүй болж таарсан. Цаашид энэ хэрүүл мөн ч удаан үргэлжилнэ дээ.  Лав нэг жил хангалттай байгаа. 
МАХН гэсэн энэ нэрийг 1997 онд одоогийн МАН-ын бага хурлын гишүүн Д.Идэвхтэн Улсын бүртгэлд бүртгүүлж байсныг эх сурвалжууд баталж байгаа.  Тэгэхээр МАХН болон МАН-ын дунд Д.Идэвхтэн “од” болно.  Азаар хол байгаа болохоор хангалттай сайн гялалзаж чадахгүй байна.  Түүнд хэн ашигтай санал тавьсан нь урвуулан авна.  Хэрвээ Н.Энхбаяр Д.Идэвхтэнг өөртөө урвуулбал хоёр эзэнтэй энэ намын асуудал нэг тийшээ шийдэгдэнэ.  Харин Д.Идэвхтэн урвахгүй бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын нэр дээр бүртгэлтэй байгаа Монголын алдарт хувьсгалчдын нам нэрээр намаа овоглох сонголт Н.Энхбаярт үлдэнэ. Тэгвэл од болоод байгаа Д.Идэвхтэн нь МАХН-ын генсек, УИХ-д 4 жил, БОЯ-ны дэд сайдаар ажиллаж байгаад ОХУ-д элчин сайдаар явсан эрхэм. Түүний ямар сонголт хийхээс шалтгаалах зүйл олон байна. 
Алсад байгаа одыг хэрхэн гялалзуулах нь МАН, МАХН-ынхы сүйхээ мэдэх хэрэг болсон.  МАН илүү “новширох” уу? Н.Энхбаярын улс төрчийн мэхээ уран тод харуулах уу гэдэг нь удахгүй тодорно. Тэр болтол харзнаад л сууя даа.

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top