Одоо зовлонгоос зугтаалгүй туучаад гарах цаг болсон

2022 оны 01 сарын 12

-Вакцины нэмэлт тун л КОВИД-ын шинэ хувилбараас хамгаалж чадна-

Цар тахлын үед дан ганц хил гаалиа хаах нь хятадуудын Цагаан хэрэм барьж өөрсдийгөө дайснаас хамгаална гэдэгтэй ижилхэн үр дүнгүй гэдгийг өнөөгийн нөхцөл байдал баталж байна. 

Гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, Монгол Улс дангаар орших ямар ч боломжгүй энэ үед анхнаасаа ийм арга хэмжээ яаран сандран авсан нь учир дутагдалтай байв. Түүгээрээ онцгой нөхцөлд хэрэглэх нөөц төлөвлөгөөгүй гэдгээ харуулж, бэлэн байдлын шалгалтад унасан.

Гэсэн ч Монгол Улс олон улсын тавцан дахь түнш орнууд болон донор байгууллагуудын нөмөр нөөлгөөр хүн амныхаа дийлэнх олонхыг КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулж чадсан нь магтууштай. Дан ганц монголчууд биш хүн төрөлхтөн вакцины эрэлд мордсон үед шүү. Монголын төр, засаг ийм үед иргэдээ вакцины дарааллын тэргүүнд эгнээнд байлгаж дөнгөсөн. Гаднаас худалдаж авахыг нь авч, гуйхыг нь гуйсны хүчинд бид өнөөдөр хоёр биш гурав ч тунтай сууж байна.

Өнгөрсөн онд багтан зорилтот бүлгийн иргэдээ 100 хувь дархлаажуулж чадаагүй бол өнөөдөр нөхцөл байдал ямар түвшинд хүртэл дордох байсныг таашгүй. Дээр нь хүн амаа өдрөөс өдөрт хувьсаж буй коронавирусийн шинэ хувилбаруудаас сэргийлэх дөрөвдүгээр тун Засгийн газрын хармаанд бэлэн байна.

Энэ бол  цар тахлын эсрэг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж буй дэлхийн нийтийн тэмцэл. Бид шинжлэх ухаанаар батлагдсан ололт амжилтаас хоцрох ёсгүй. Харин иргэдийнхээ хөлийг хориод суух нь ямар ч үр дүнгүй хамгаалалт буюу тархиндаа “Цагаан хэрэм” цогцлоож байна гэсэн үг. Тэр тусмаа айлгаж ичээж, онц дэглэм тогтоох нь нийгэмд айдас, бухимдал хуримтлуулдаг болохыг бидний үеийнхний бичиж буй цар тахлын түүх харуулж байгаа. Хэдийгээр ард үлдсэн ч тэдгээр арга хэмжээ эдийн засгаа түгжиж, энэ хямралын суурийг тавьсан гэж болно.

Тэгвэл цаашид цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл яах вэ гэдэг айдас олон нийтийн дунд нэгэнтэй бий болсон нь илт байгаа.

Учир нь Монгол Улсад КОВИД-19 цар тахлын дөрөв дэх давлагаа хэдийн эхэлсэн болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн. Энэ нь дэлхий нийтийг хамарч буй коронавирусийн Омикрон хувилбартай холбоотой. Сүүлийн хэдэн өдөр өвчлөгсдийн тоо мянга давж эхэлсэн ч үүнтэй холбогдож байж мэднэ. Улирлын томуугийн идэвхжилийн үе ч тохиож байна.

Дэлхийн эрүүл мэндийн салбарт “Томуу+Омикрон” гэдэг шинэ нэр томьёо хүртэл гарав.  Ямартай ч цар тахлын Дельта хувилбарын араас залгасан Омикрон хувилбар дахин том сорилт болох нь тодорхой боллоо. “Дельтай+Омикрон” гэдэг хувилбар  илрэв. 

Гэхдээ Омикрон хувилбар өмнөх хувилбаруудыг бодвол уушгинд нөлөөлж, хатгалгаа болж хүндрэх тохиолдол харьцангуй бага байгааг Монгол төдийгүй олон улсын эрдэмтэд мэдээлж эхэлсэн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дөрөвдүгээр давлагааны оргил үеийг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байна гэсэн урьдчилсан тооцооллыг манай эрдэмтэд гаргасан. Хэдий тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч гэсэн ард түмэн та бүхэн маань айж сандрах зүйл байхгүй. Омикрон хувилбар нь Дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй явагдаж байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдаж байгаа. Дотоодод батлагдсан тохиолдлуудын шинж тэмдэг дээр манай эмнэлзүйн багийнхан бас тандалт хийсэн. Эдгээр батлагдсан тохиолдлуудаас 96 хувь нь хөнгөн, үлдсэн дөрвөн хувь нь хүндэвтэр шинжтэй байна” гэж танилцуулсан.

Тэгвэл Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгалгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгалгаа болохгүй байна” гэлээ.

Омикрон хувилбарын дэгдэлт өндөр байгаа ч хатгалгаа болж хүндрэх магадлал харьцангуй бага байгаа нь бидний хувьд маш сайн мэдээ. Хэдийгээр шинжилгээгээр эерэг гарсан ч өмнөх хувилбаруудтай харь­цуулахад эдгэх нь хурдан гэсэн үг. Тэгвэл Засгийн газраас та биднийг “хийлгээч” гэж өдөр бүр уриалах болсон  вакцины нэмэлт тун Омикрон  хувилбараас 90 ба түүнээс дээш хувиар хамгаалж байгааг олон улсын судалгааны байгуул­лагууд мэдэгдэх болсон.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн оны төгс­гөлд Омикрон хувилбартай холбоотой эхний судалгаагаа танилцуулсан. Судал­гааны багыг удирдсан, Африкийн Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн вирус судлаач Алекс Сигалын үзэж буйгаар вакцин тариулах, тэр дундаа өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүн вакцин тариулбал үүнээс үүдсэн дархлаа корона­вирусийн шинэ хувилбар болох Омикроныг саармагжуулах онцгой чадвартай аж.

Тэрбээр энэ нь нэмэлт тун өвчний хүндрэлээс сэргийлж чадна гэдгийг харуулж байгааг онцолжээ. Өмнөд Африкийн эрдэмтдийн энэхүү дүгнэлттэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санал нэгдсэн бөгөөд дэлхийн улсуудыг иргэдээ нэмэлт тунд хамруулахыг уриалах болсон юм.

Мөн Израилийн Эрүүл мэндийн сайд Нитзан Хоровицын мэдээлснээр давтан тун болон Файзер вакцины нэмэлт тун тариулсан хүмүүс шинэ хувилбар болох Омикроноос айх аюулгүй гэнэ. Тэрбээр “Ирэх өдрүүдэд Омикроны эсрэг вакцины үр дүнгийн талаар илүү үнэн зөв мэдээ­лэлтэй болно. Өөдрөг байх хэрэгтэй. Учир нь вакцин тариулж, давтан тунд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбараар халдварлахгүй байх магадлал өндөр байна. Тэр дотроо Файзер вакцины нэмэлт тун Омикроны халдвараас 90 хувь хамгаалж байгаа” гэжээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс цар тахлын эсрэг авч буй арга хэмжээгээрээ дэлхийд жишиг болж буй Израилийн адилаар иргэдээ дөрөв дэх тунд хамруулж эхлээд байгаа. Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдээ үндсэн хоёр тунд бүрэн хамруулсан бөгөөд гурав тунд 50 хувь нь хамрагдсан амжилттай яваа. Энэ нөхцөл байдлаас дүгнэвэл, бид одоо хөл хорих гэх мэт элдэв арга саам хайж зовлонгоос зугтаах бус туучаад гарах цаг нь иржээ. Шинжлэх ухааны үндэслэл нь ийм байна.

Д.ДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(103.229.121.6) 2022 оны 01 сарын 12

haha

0  |  1
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 12

gexdee tsagaan saraa l onjie xogshidoo bid xamgaalax estoi

1  |  0
Top