Өвчтөнүүдийн 63% нь дэлгүүр, эмнэлгээс ХАЛДВАР АВЧЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

ЭМЯ-аас цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Олон улс болон Монгол Улсад "Ковид-19" халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэв.

Тэрээр "Дэлхий дахинд өнөөгдрийн байдлаар 318 сая хүн "Ковид-19" цар тахалд өртөөд байна. Эдгээрийн 5.5 сая нь нас барсан. ДЭМБ зургаан бүс нутагт хувааж, өвчлөлийг бүртгэдэг. Бүс нутгуудаар харьцуулж үзвэл, Европын холбоо, Америк тивд тархалт хамгийн өндөр байна. Сүүлийн долоо хоногт өвчлөл хамгийн өндөр бүртгэгдсэн улсуудад АНУ, Франц, Энэтхэг, Итали, Англи орлоо. 

"Омикрон" шинэ хувилбар манай улсыг оролцуулаад, нийт 149 оронд бүртгэгдлээ. Хамгийн олон бүртгэгдсэн тохиолдлын тоо, нас баралтаар тэргүүлж байгаа улс Их Британи, Дани, Герман, АНУ, Норвеги зэрэг Европын холбооны улсууд, Хойд Америкийн улсууд байна. 

Сүүлийн тав хоног зорчсон тэмдэглэлийг үзэхэд, дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байх үедээ өвчтөнүүдийн 63 хувь нь халдвар авчээ.

Сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо манай улсад ч нэмэгдэж байна. 2000-3000 болж ихэссэн. Нийт илэрч байгаа тохиолдлын тоог илэрхийлдэг шалгуур үзүүлэлт байдаг. Эдгээр шалгуур үзүүлэлтээс хамгийн мэдрэг шалгуур нь нийт байгаа PCR шинжилгээний тоо, түүнд илрэх эерэг хувь байдаг. Оны өмнө PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 байсан бол өнөөдрийн байдлаар 25 хувь болж, тав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Улаанбаатарт тохиолдлын тоо огцом нэмэгдсээр байгааг анхаарна уу. Түүнчлэн Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад халдварын тоо эрс нэмэгдэж байна.

ХӨСҮТ үндэсний хэмжээний дата цуглуулж, судалгаа хийдэг. Тандалт судалгаанаас харахад таваас дээш өвчлөл бүхий кластер 32 бүртгэгдсэн байна. Ажлын байр болон гэр бүлээс халдвар авах тохиолдлууд өндөр байна.

Сүүлийн тав хоног зорчсон тэмдэглэлийг үзэхэд, дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээвэр, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байх үедээ 63 хувь нь халдвар авсан байна. 

Хүүхдийн өвчлөлийн хувьд эрс нэмэгдлээ. Өмнөх альфа болон дельта хувилбарын үед таван хүн дутмын нэг буюу ойролцоогоор 19-20 хувь нь хүүхдүүд байдаг байсан бол "Омикрон" шинэ хувилбарын хувьд энэ тоо 21,7 хувь болсон.

Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал 0-4 насны хүүхдүүд 26.6 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувь нийлээд 73 хувьтай байна. 0-11 насны хүүхдүүд бол ковидын эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй бүлэг. Энэ бүлэгт өвчлөлд өртөх магадлал өндөр байгааг харж болно.

Бидэнд "Омикрон"-ы давалгаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчны улирлын дэгдэлтийн үе ирсэн.

Сүүлийн долоо хоногийн мэдээллээр томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд орсон. Хоёр долоо хоногийн эхнээс эхлээд томуугийн А хүрээний N3H2 вирус тодорхойлогдсон байгаа. 

Ерөнхий нөхцөл байдлын үнэлгээг харахад, одоо хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, ялангуяа вакцинжуулалтын үйл явцыг сайжруулж, дархлаа сэргээх 3, 4 дүгээр тунд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна.

Түүнчлэн Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд биш зөвхөн гэр гэртээ тэмдэглэх гэдэг уриалгыг дагах шаардлагатай байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top