17 аймаг ШҮЛХИЙТЭЙ хэвээр, МАХНЫ ЭКСПОРТ тэг зогсох вий!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортоос голлон хамаарсан эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх бодит шаардлага байгааг ковид цар тахлын нөлөөллөөр бид улам их мэдэрч буй. Бүтцийн өөрчлөлт гэдэгт импортыг орлосон дотоодын үйлдвэрлэлийг салбар салбараар нь хөгжүүлэхээс гадна экспортод гаргаж буй бараа бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, орж ирэх орлогыг нь нэмэгдүүлэх асуудал мөн багтана.

Тухайлбал, хүн амынхаа тоог хэдэн арав дахин нугалсан их малтай Монгол Улс махны экспортоо дорвитой нэмэгдүүлэхийн тулд чанар, аюулгүй байдлын асуудалд төрийн бодлого оновчтой чиглэж, үр дүнтэй байх ёстой.

Гэвч өнөөдрийн бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд шүүмж хэлэхээс өөр аргагүй байна. Тухайлбал, малын гоц халдварт шүлхий өвчин улсын хэмжээнд буюу бүртгэгдчихээд байхад махны үйлдвэрүүд хэчнээн экспортоо нэмэгдүүлэх гэж хичээгээд үр дүнгүй юм.

Энэ сарын 25-ны өдрийн байдлаарх шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлыг аваад үзэхэд,
 

  • 17 аймгийн 103 сумын 178 голомт хорио цээрийн дэглэмд
  • 11 аймгийн 15 суманд 45 голомт хязгаарлалтын дэглэмд
  • 9 аймгийн 20 сум, 48 голомт хорио цээрийн дэглэм бүрэн цуцлагдсан гэсэн мэдээллийг МЭЕГ-аас өгч байна.


21 аймгийнх нь 17-д нь 178 голомт байна гэдэг бол бидний өнөөдөр хүнсэндээ хэрэглэж буй малын мах ер нь шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдэг сэрэмжийг дагуулж байна.

Ийм байхад эхэнд дурдсан том зорилго буюу малын махны экспортоо нэмэгдүүлэн, валютын орлогоо нэмэгдүүлэх бидний хүсэл биелэх хугацаа улам л цаашилж байна гэсэн үг.

Цар тахлын дотоодын нөхцөл байдлаас үүдэн тэртээ тэргүй хил, гаалийн хяналт, шалгалт чанга байгаа ийм үед бид өөрсдөөс шалтгаалж болохуйц арга хэмжээнүүдийг аваад малын махаа эрүүл, аюулгүй байлгамаар байна.

Статистик харахад, 2020 онд манай улс 17 бүлгийн 51 төрлийн нийт 116.6 сая ам.долларын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортолсон байдаг. Үүнээс 28% нь мах, хүнсний дайвар бүтээгдэхүүн байсан. Цаашлаад энэ хувь хэмжээ нэмэгдэх боломж, нөөц уг нь манайд бий. 

Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 12 аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6 аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 15 аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй 10 аж ахуйн нэгж, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 31 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 4 аж ахуйн нэгж тус тус үйл ажиллагаа явуулж буй.

Эдгээр аж ахуйн нэгжүүд монгол малын махыг олон улсад экспортод гаргахын тулд стандартын олон шаардлагуудыг ханган, хэрэгжүүлж байна. Гэвч тэднээс үл хамаарсан шүлхий өвчин зэрэг асуудлууд цааш цаашдын экспортын өсөлтөд нь эрсдэл учруулж байгаа юм.

Тиймээс төр, засгийн холбогдох байгууллагууд асуудал бүрийг ковидоор аргацаагаад байлгүй, хариуцсан ажлууддаа эзэн болох шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.169.24) 2022 оны 01 сарын 31

guiee Mgl iin erh medeltei uls.n ajil n ug yarian zurthun uls.n ug.g ard tumen min ee bitgii sons hudlaa yarhaas thaachgui uls.n uls.n ug uildel sonsvol ard tumen minee ulsuj ulburj yuchgui bolno shu

0  |  0
Top