Н.Тэмүүлэн: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид барьцаанд тавьсан барилгаа иргэдэд худалдсан

2022 оны 02 сарын 12

 

-Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8,5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна-


Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг өнгөрсөн сарын 20-ны өдөр олон нийтэд зарласан нь ихээхэн шуугиан тарьсан. Тус банкнаас нийт 52 зээлдэгчийн мэдээллийг зарласан бөгөөд тэдгээрийн мэдээллийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгсөн. Улмаар АТГ-аас 52 зээлдэгчид болон бусад цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.  Хэвлэлийн хурлаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийсэн юм.


-Өнгөрөгч сарын 20-нд Хөгжлийн банкнаас чанаргүй 52 зээлдэгчийг нийтэд зарласан. Хяналт, шалгалтын ажил аль шатандаа явж байгаа вэ. Ямар арга хэмжээг авч байна вэ?

-Хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд оруулсан 52 зээл нь Хөгжлийн банкны тухай болон зээлийн журам, бодлогын баримт бичгүүд зэрэгт нийцүүлж олгосон эсэхийг шалгаж байна. Мөн зээл олгосон албан тушаалтнууд нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээлдэгч нарт давуу байдал бий болгосон эсэхийг шалгаж байгаа. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан болон төрд хохирол учруулсан эсэхээр мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан шалгах ажиллагаа эхлүүлээд байна. Тиймээс Хөгжлийн банканд учруулсан хохирлыг барагдуулахаар дараах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээ цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх, зээлдэгч компанийн болон тухай компанийн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгө, дансанд захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох, зээлдэгч компаниудын эцсийн эзэмшигчийг тогтоох болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлж, битүүмжлэн төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлд анхаарч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл авсан ч зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, чанаргүй зээлийн ангилалд орсон компани, аж ахуйн нэгжийн хөрөнгийг битүүмжилж, төрийг хохиролгүй болгоно хэмээн мэдээлсэн. Мөн зээл гаргах, шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөхийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгаа.

Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлэхийн тулд 13 дансыг хааж, 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, нэг үйлдвэрийн барилга, нэг лицензийг битүүмжлэн, хязгаарлалт тогтоосон. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн 52 зээлийн мэдээллийг АТГ хүлээн авсан. Эдгээрт “Хөтөл”, “Бэрэн групп”, ''QSC'', "Ачлал трэйд" зэрэг томоохон компаниуд багтсан юм. Тиймээс чанаргүй 52 зээлийг АТГ дэлгэрэнгүй шалгана.

-Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудтай холбоотой хэрэг яаж шийдэгдсэн бэ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын хэргийг шүүх шийдсэн. Гэвч Н.Мөнхбатын хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ түүнийг ажлаа хийх явцдаа нэр бүхий компанид давуу байдал олгосон тул Хөгжлийн банканд хохирол учруулсан гэж үзсэн. Улмаар найман тэрбум төгрөгийг давуу байдал олж авсан компаниар эргүүлэн төлүүлэх шийдвэр гарсан. Үүнээс гадна Хөгжлийн банкны дараагийн захирал болох Б.Батбаярыг шалгах ажил одоо үргэлжилж байгаа. Хөгжлийн банкнаас гаргасан хүсэлтийн дагуу АТГ-аас шалгалт хийх явцад хуулийн дагуу захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тавьсан. Тухайлбал, 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн барилга болон лиценз тус тус нэгийг битүүмжилж захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан. Мөн одоогоор 13 дансыг битүүмжилсэн байна.

-Зарим чанаргүй зээлдэгчид Хөгжлийн банкны барьцаанд байршуулсан барилгаа иргэдэд худалдсан гэх мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?

-Иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа, эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягталж байх хэрэгтэй. Ингээгүй тохиолдол иргэд шүүхийн маргаантай үл хөдлөх хөрөнгийн асуудалд холбогдож, эд хөрөнгөөрөө хохирох аюултай юм. Жишээ авахад, “Гантиг вилла” төслийн есөн блок Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон байна.

“Гантиг вилла” хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн барьж байгуулсан хөрөнгө юм. Түүнчлэн зээлээ эргэн төлөөгүй 52 аж ахуйн нэгж байгаа ба эдгээр байгууллагын нэрсийг АТГ-ын албан ёсны сайтад удахгүй байршуулна.

-Зээл авсан зарим иргэн, хуулийн этгээдүүдийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд ял завших вий гэсэн хардлага олон нийтэд байна. Энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?

-Хөгжлийн банкнаас сүүлд зарласан 52 чанаргүй зээлдэгчийн асуудлаас өмнө АТГ-т мөн Хөгжлийн банктай холбоотой хэд хэдэн хэргүүд шалгагдсан. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан Б.Батбаатар, Т.Гэрэлт-Од, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдсэн. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглахад хамтран оролцсон гэх үндэслэлээр нийтийн албад томилогдох эрхийг гурван жилээр хассан. Ингээд нийт дөрвөн жил хорих ялаар шийтгэгдсэн юм.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Түүний албан тушаалтай байхдаа давуу байдал олгосон нэр бүхий компаниас найм орчим тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд буцаан төлүүлэх шийдвэр гаргасан.

-Үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан 13 компанийг зарлаж болох уу?

-Энэ бол хэрэг бүртгэх, мөрдөн шалгах үйл ажиллагааны явц учир нийтэд зарлах болоогүй. 52 чанаргүй зээлийн асуудал мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эцсийн байдлаар тогтоогдоно. Зээл зохих журмын дагуу олгогдсон, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг ч мөн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно.

-Хөгжлийн банкны захирал асан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг шалгах бол түүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх үү. Үүнийг ямар арга замаар шийдэх вэ?

-Улс төрд нөлөө бүхий эрхэм хэрэгт холбогдвол АТГ-аас шалгах бүрэн эрх бий. Үүнийг Үндсэн хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчмын дагуу гүйцэтгэнэ. Тиймээс гэмт хэрэгт холбогдсон бол шалгах ёстой. Улс төрд нөлөө бүхий эрхмийг шалгах ёстой бол АТГ-аас санал тавин прокурорын байгууллагаас УИХ-д танилцуулдаг. Гэхдээ одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир өргөн хүрээтэй явагдсаны үр дүнд нийтэд мэдээллэнэ.

-"Гантиг вилла" компанийн есөн блок битүүмжлэгдсэнтэй адил хэдэн компани байгаа вэ. Мэдээлэл өгөөч?

-Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргийг л дээр сануулж, анхааруулга болгосон. Тиймээс мөрдлөгийн дүнд тогтоогдсон бүх хэргийг тухай бүрд нь нийтэд мэдээллэнэ.

-Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш нийт 8,5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн нь нийт төлөгдөх ёстой мөнгөн дүнгийн хаана нь ч хүрэхгүй. Гэтэл эд хөрөнгөө барьцаалж өгөөд эсвэл битүүмжлүүлээд өнгөрөх үү. Зээлийг нь төлүүлсний дараа ч гэсэн хуулийн хариуцлага тооцох уу?

-Болсон үйл явдал гэмт хэргийн шинж чанартай байвал гэм буруугийн асуудлыг шүүхээр шийднэ. Гэм буруугийн шинжтэй байвал эргэн төлөлтөө хийгээд өнгөрсөн гэсэн асуудал байхгүй.

-Эргэн төлөлтийг хийх боломжтой хуулийн хугацаа хэр зэрэг байгаа вэ. Он дуустал 10 сарын хугацаа л байна?

-Мэдээж мөрдөн шалгах ажиллагааны дүнд  хуулийн хугацааг тогтооно. Мөрдөн шалгах ажиллагааны нэг онцлог нь төрд учирсан хохирлыг бодитой үнэлэх юм. Тиймээс энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсаны дараа мэдээллэнэ.

-Хөгжлийн банктай холбоогүй асуулт асууя. Олон улсын "OpenLux" төслийн хүрээнд хийсэн мөрдөн байцаалтын явцад Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг томоохон нүүрс олборлогч компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байсныг илрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол цаана нь улс төрд нөлөө бүхий этгээд эсвэл албан тушаалтан байна уу гэдгийг сэжиглэж шалгах үндэслэл болно. Энэ хэргийг холбогдох хэлтэс шалгаж байгаа эсэхийг тодруулаад эргэн мэдээлэл өгөх болно.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хачин монгол(192.82.72.188) 2022 оны 02 сарын 12

Гэм буруутай нь тогтоогдсон гэтэл Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг ерөөсөө ойлгохгүй юм. Хулгай хийсэн хүний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусвал тэгээд л явуулчих юм бна гэж ойлгов.

0  |  0
Иргэн(103.10.21.252) 2022 оны 02 сарын 12

186 үл хөдлөхөө зарлавал ард түмэн нэмж хохирохгүйшдээ бүдэг бадаг юм ярьж хэнд үйлчлээд байнаа залуу минь ээ

0  |  0
Top