0-8 насныхны дунд томуугийн тархалт ӨНДӨР байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Улсын хэмжээнд томуугийн өвчлөл их байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. 

Эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо багасаж байгаа хэдий ч томуу, томуу төст өвчний тархалт буурахгүй байгаа аж.  Тодруулбал, Иргэдийн эмнэлэгт хэвтэх нь өнгөрсөн долоо хоногоос 8.7 хувиар буурчээ. Гэтэл бага насны хүүхэд, тэр дундаа 0-8 насныхны дунд томуугийн тархалт өндөр байгаа аж.

Энэ талаар тэрбээр "Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хориотой, хичээл сургалт танхимаар хичээллээгүй. Тиймээс энэ үед амьсгалын замын халдварт өвчний тархалт бага байсан. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сараас иргэдийн дунд улирлын томуугийн тархалт нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн томуугийн эмчилгээний 803 ор байна. 875 орыг шинээр нэмж дэлгэн, зохион байгуулалт хийсэн.

Мөн томуугийн 26 амбулаторийн кабинетыг нэмж, өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгийг уртасгасан цагаар болон амралтын өдрөөр ажиллуулж байгаа. Ковидын үед ажиллаж байсан амбулаторио томуугийн үеийн амбулаторийн тусламж, үйлчилгээ болгож зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд орны ачаалал 83.4 хувьтай, өмнөх долоо хоногоос 9.7 хувиар буурсан. Хэдий тийм ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байна. Мөн иргэд халдвар авч өвдлөө гэхэд бусдад халдаахгүй байхад анхаарах шаардлагатай" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top