ДУГУЙЧИД Тивийн аваргаас 3 медаль хүртлээ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

2022 оны гуравдугаар сарын 25-нд Тажикистаны нийслэл Душанбе хотноо эхэлсэн замын дугуйн Азийн аварга шалгаруулах 40 дэх удаагийн тэмцээнээс манай Монголын дугуйчид гуравдахь медалиа авлаа.

Тэмцээний эхний өдөр явагдсан эрэгтэй багийн цуваа гараатай (Team time trial) 24 км-ийн уралдаанд С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 0:27 мин 54 секунд амжилтаар мөнгөн медаль хүртлээ. 

Алтан медалийг Казахстаны дугуйчид  (0:26:48) , хүрэл медалийг Ираны баг ( 0:28:46) тус тус хүртсэн бөгөөд энэ төрөлд Узбекистан, Индонез, Энэтхэг, Ирак гэсэн долоон орны баг уралдсан юм.

Манай дугуйчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд  мөнгөн медаль хүртсэнээс хойш 31 жил тивийн тэмцээнээс багийн төрөлд  дахин " аман хүзүүдсэн" нь энэ.

Тэмцээний хоёрдахь өдөр явагдсан идэрчүүдийн буюу 17-18 насны ангилалд ганцаарчилсан цуваа гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал найман орны тамирчидтай өрсөлдөж хүрэл  медаль зүүсэн.

Харин өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай ( Individual time trial women's Elite) 24 км-т уралдаанд 11 орны " төмөр хүлэгтнүүд" хурд сорьсноос манай Цэрэнлхамын СОЛОНГО 35 мин 04 сек 08 доль амжилтаар Казахстан, Индонезийн тамирчдын дараа орж, хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top