МУЗН-ээс Түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Эрүүл мэндийн яаманд Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин” хүлээлгэн өглөө.

“Ковид-19” халдварын үед өвчтөн тээвэрлэх зориулалттай иж бүрэн тоноглогдсон автомашиныг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн байгууллагаас хандивлаж, Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан гардуулж өгч байгаа юм.  

 

 

Энэнхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин нар оролцлоо.

Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг дэвшилтэд технологид суурилсан. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлэх давуу талтай юм.

 

 

Сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгаж, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн байна. Үүнд AII6000S брендийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхны цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top