Зөвхөн эмчийн жороор тамхи худалдаж авна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Исланд улсад тамхийг эмчийн зөвшөөрөлтэйгөөр худалдахаар болжээ. Тус улсын парламент тамхийг эмийн сангаас өөр бусад газарт худалдахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ажээ. Гэхдээ тамхи худалдаж авахдаа зөвхөн эмчээс зөвшөөрөл авах гэнэ. Дэлгүүр, зоогийн газар, мухлаг, тэрчлэн гаалийн татваргүй бүсэд тамхи зарахыг хориглож магадгүй байна. Тэгэхээр тамхи худалдан авах цорын ганц арга нь эмчийн бичсэн жор байх ажээ. Гэхдээ энэ жорыг тийм ч амар авах боломжгүй гэнэ. Эхлээд тамхичин тамхинаас гарах курс эмчилгээ хийлгэх ёстой ажээ. Эмчилгээ үр дүнтэй болсон тохиолдолд үйлчлүүлэгчид тамхи худалдан авахыг зөвшөөрнө. Гэвч тамхичдын зовлон бас үүгээр дуусахгүй бөгөөд тэд эмчийн үзлэгт байнга орох ёстой ажээ. Харин тамхины үнийн хувьд 900 орчим крон буюу ойролцоогоор найман доллар байх ажээ. Жороор олгох эм бэлдмэлээс ялгаатай нь тамхийг ямар нэгэн мөнгөн тусламжийн хэлбэрээр олгохгүй юм байна. Одоохондоо батлагдаагүй байгаа энэ хуулийн төслийг Исланд улсад сүүлийн арван жилийн турш хэрэгжүүлж байгаа тамхитай тэмцэх хөтөлбөрийн хүрээнд боловсруулжээ. Тухайлбал, тус улсад тамхины экспортын татварыг эрс нэмэгдүүлж, тамхи сурталчлахыг хориглосон байна. Дашрамд дурдахад, Исландад 20 жилийн дотор тамхичдын тоо хоёр дахин цөөрчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top