Ж.Гомбожав: Гишүүдийн тоог нэмэхгүйгээр хоёр танхимтай парламент байгуулъя

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Ардын Их хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожавтай ярилцлаа.


-Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох шаардлагыг улс төрийн намууд УИХ-д хүргүүлсэн. Үндсэн хуулийг хамгаалах, боловсронгуй болгох тухайд байдаг Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо ямар байр суурьтай байна?

-Энэ сэдвээр ярихын өмнө би товч тайлбар хэлье. Таны асуултад өгөх миний хариулт бол Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны байр суурь  биш шүү. Хувь хүн Ж.Гомбожавын үг гэж ойлгох хэрэгтэй.  Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид өөр, өөрийн санаа бодлыг хэлж байгаа. Түүнийгээ нэгтгэж удахгүй нэгдсэн байдлаар гаргана, тэр үед олон нийтэд мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна. Миний хувьд энэ асуудлаар юуны өмнө дөрвөн зүйлийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Нэгдүгээрт: 1992 оны Үндсэн хууль чадамжаа алдаагүй байгаа.

Хоёрдугаарт: Энэ хууль анхны бичилтээрээ /агуулгаараа/ өнгөрсөн 30 жилд хэрэгжиж чадсангүй.

Гуравдугаарт: 2019 оны нэмэлт, өөрчлөлтүүд нь үндсэндээ сонгогчдын хүсэн хүлээсэн, ард түмний эрх ашигт нийцсэн өөрчлөлт болж чадаагүй.

Дөрөвдүгээрт: УИХ дахь намын бүлгийн одоогийн үйл ажиллагаа нь УИХ дахь бүтцийн байгууллага гэхээсээ илүүтэй намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй даган биелүүлдэг, тийм бүтэц болж хувирсан байна. Дээрээ хяналтгүй шахам болсон, дуртай зүйлээ хийдэг, дургүйгээ хийдэггүй нэг танхимтай парламентад зарим сул тал байгаа нь өнгөрсөн 30 жилд ажиглагдаж ирлээ. Түрүүнд хэлсэн дөрвөн зүйл болоод саяын хэлсэнтэйгээ уялдуулж, төрийг удирдахад ард түмний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж би үзэж байгаа юм. Гэхдээ одоогийн улс төрийн намуудын ярьж байгаа шиг парламентын 76 гишүүний тоог 99 эсвэл 108 болгон нэмэх бус харин хоёр танхимтай парламентыг бүрдүүлэх журмаар ард түмний төлөөллийг төрд нэмэх шаардлага бол бий болжээ гэж дүгнэж байна.

-Тэгэхээр та тогтолцоог өөрчлөхийг  дэмжиж  байгаа юм байна. Яагаад гэдэгт өөрийн бодлыг хэлнэ үү?

-Ямар үндэслэлүүд байгаа тухайд 11 зүйл хэлье. Улсын төсвийг батлахад нэг танхимтай парламент үнэхээр учир дутагдалтай. Наад зах нь л  улсын хэмжээнд том бодлого хэрэгжүүлэх байтал 76 хүн өөрсдийн тойрог руу хувааж авч явчихаад байна. Тэр бүү хэл, УИХ-ын 76 гишүүн өөрийн төсөв мөнгөтэй болчихсон. Эндээс үзэхэд нэг танхим сул талтай гэдэг нь илүүтэй мэдрэгдэж байгаа. Сонгуулийн хуулиа яг сонгууль болохын өмнөхөн удаа дараа өөрчилж ирсэн. Энэ өөрчлөлтөөр эрх баригч нам нь болох гэж байгаа сонгуульд ахиу санал авч магадгүй гэсэн заалтуудыг үеийн үед шургуулдаг зуршил тогтсон.Тиймээс нэг танхимтай УИХ-ын чадамж сул байгаа юм.

Ерөнхий сайд болон УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас хараат бусаар ажиллахаар хуульд заасан хэсэг байгууллага бий, хүмүүс мэдэх тул тэр болгоныг нэрлээд яах вэ. Тэдгээр байгууллагын удирдлагыг томилоход нэг танхимтай парламентын сул тал илт ажиглагдаж, тухайн  томилох албан тушаалтанд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн  нөлөө орж байгаа нь ихээхэн мэдрэгддэг. Нэг танхимтай УИХ-ын  боловсруулан баталж байгаа зарим хууль, тогтоомж нь Үндсэн хуулийг зөрчих, ард түмний олонхын эрх ашигт нийцэхгүй байх, эдийн засгийн болон улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан заалт шургуулах тохиолдлууд өнгөрсөн 30 жилд  олон удаа  гарсан.

Ер нь Үндсэн хууль дахь  дутуу дулимаг зүйлүүдийг хэлэхээс илүүтэй Үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан 600-гаад хуулийн бараг 400 нь ямар нэгэн зөрчилтэй хийгдсэн байгааг хэлэх нь зүйтэй. Тэр нь ялангуяа эдийн засгийн том салбаруудыг шийдвэрлэхэд илт харагддаг. Энэ талаараа нэг танхимтай парламент  манай орны хөгжилд саад тотгор учруулж байна. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, прокурор зэрэг шүүх, засаглалын байгууллагын бодлого, үйл ажиллагаанд Дээд танхим хяналт тавьдаг, удирдлагыг нь томилдог байвал одоогийнхоос хамаагүй илүү зарчимтай байна. Мэдээж хэнд хэрэг үүсгэх, ямар ял ногдуулахад оролцох ёсгүй. Би Ардын Их хурлын дарга  байхдаа үүнийг хэрэгжүүлж үзсэн. Өнөөдөр шүүх, засаглалын байгууллагуудын хуульд нь өөрчлөлт оруулах замаар төрийн бодлого, үйл ажиллагааг явуулах боломж байхад түүнийг ашиглаж чадахгүй байдал харагддаг.

-Үүн дээр та сургамжтай  жишээ хэлбэл, уншигчдад ойлгомжтой, дээр нь хууль тогтоогчид анхааралдаа авах  байх...?

-Жишээлбэл, Авлигатай тэмцэх газар  авлигатай тэмцэнэ гэж олон жил ярьсан ч өнөөдөр шүүх авлигын хэрэгт гүнзгий холбогдсон учраас үүнийг өөрчилж чадахгүй байна. Уг нь энэ байдлыг  өөрчилье гэвэл Үндсэн хуулиар боломж нь нээлттэй. Тэр нь юу вэ гэвэл Үндсэн хуульд төрөлжсөн шүүх байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Тээврийн, батлан хамгаалахын гэх мэтчилэн шүүхүүд өмнө нь манайд ажиллаж байсан туршлага бий. Авлигатай тэмцэх газрын асуудлууд нарийн төвөгтэй, хууль эрх зүйн хувьд ч хүндрэлтэй тул тусгай шүүхүүд байгуулан энэ асуудлыг богино хугацаанд шийдэж болох байтал өнөөдрийн 500 гаруй шүүгчийн хэмжээнд яриад шийддэггүй.

Монгол Улсад шударга ёс тогтооё гэвэл шүүх, засаглалын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудал шийдэгдэнэ. Хоёр танхимтай парламенттай бол Доод танхимын гишүүдийн хэрэг зөрчил болон ёс суртахууны аливаа асуудлыг Дээд танхим шийдэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, Доод танхимын гишүүдийг Дээд танхим нь эргүүлэн татдаг байна гэсэн үг. Намайг Ардын Их хурлын дарга байхад  хэд хэдэн депутат, Улсын Бага хурлын гишүүний  асуудал яригдаж ингэж шийдэгдэж байсан. Өнөөдөр нэг танхимтай УИХ өндгөө дарсан шувуу шиг гишүүдээ хамгаалж хаацайлж байгаа нь нүдэн дээр ил тодорхой байгаа.

-Улсын Бага хурал 50 гишүүнтэй, Ардын Их хурал 400 гаруй депутаттай байсан. Тоог хэрхэн зохицуулах нь зөв бэ?

-Доод танхимыг бүрдүүлэхдээ Дээд танхимын намуудын сонгогчдоос авсан саналыг харгалзан пропорциональ системээр сонгодог байх нь зүйтэй. Ийм зарчмаар хоёр танхимтай парламент байгуулан ажиллуулж байсан 1992 оны тогтолцоо их зөв. Яагаад гэвэл улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд Доод танхимыг пропорциональ системээр сонгодог байх нь ихээхэн түлхэц болно. Харин Дээд танхим нь мажоритар системээр сонгогдох нь зүйтэй. Учир нь ард нийтийн өргөн төлөөллийг хамруулахгүй намуудад өгчихвөл намуудын төлөөлөл Дээд танхимд шургалаад орчих магадлал өндөр.

Миний хувьд одоогийн УИХ-ын гишүүдийн тоог цөөлж болно гэж боддог. Ер нь УИХ-ын гишүүдийн тоо олшрох тусам тогтсон шийдвэрийг гаргахад саад болдог. Олон хүн янз бүрийн санал дэвшүүлж, хуралдаан сунжирдаг. Шуурхай шийдмээр асуудлыг орхигдуулдаг. Яагаад УИХ-ыг байнгын ажиллагаатайгаар 1992 онд төлөвлөж байгуулсан бэ гэвэл асуудлыг түргэн шуурхай, хөгжил дэвшлийн тухайн үеийн нөхцөл байдалтай нийцүүлж хуулиа баталдаг байсан. Гэтэл өнөөдөр бидний хүссэн хууль гардаггүй. Хүсээгүй асуудлыг  дор нь хэлэлцээд шийдчихдэг болчихоод байгаа. Нийгмийн хөгжлийн хурдцаас УИХ-ын үйл ажиллагаа хоцорч, чөдөр тушаа болж байна. 21 аймаг, есөн дүүргээс нэг төлөөлөлтэй Доод танхим байхад цөөдөхгүй. Дээд танхим нь 300-400 гишүүнтэй байж болно шүү дээ. Тоог хууль хэлэлцэж батлах явцад тохирч болно. Өнөөдөр хөгжингүй орнуудад парламентын хоёр танхимгүй улс бараг байхгүй.

Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүд хоёр танхимын тухай ярихаас илүү нэг танхимын эрх мэдлийг нэмэгдүүлж, ард түмний төлөөллийг багасгах тухай л ярьж байна. Үндсэн хуульд УИХ-ын эрх мэдлийг хасч, Засгийн газарт эрх мэдлийг шилжүүлнэ гэдэг юу гэсэн үг вэ гэвэл, ард түмний эрх мэдлийг хасч байгаатай яг адил. 76 гишүүн бол сонгогчдын эрх ашгийг төлөөлж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө эрх мэдлийг гүйцэтгэх засаглал руу өгч байна гэдэг чинь ард түмний эрх ашгийг бууруулж байгаатай  агаар нэг юм. Доод танхимын гишүүдийн дийлэнхийг төрийн албанд мэргэшсэн хуульч, эдийн засагчдаас бүрдүүлэх нь зүйтэй. Насны хувьд гурван үеийн төлөөлөл байх нь зөв гэж би үздэг. Дан залуучууд эсвэл дунд үеийнхэн биш, харьцааг  зөв тогтоох нь зүйтэй.

-Гэхдээ өнөөгийн хүн амын тоотой харьцуулахад УИХ дахь сонгогчдын төлөөлөл бүрэн хангагдахгүй байна гэж үзээд зарим нам гишүүдийн тоог 215 болгох санал гаргажээ гэж ойлгосон?

 -Гишүүдийн тоог тогтоохдоо хүн амын тоог харгалзах тухай сүүлийн үед ихээхэн ярьж,  “Монголын хүн ам 3.4 сая болсон, тиймээс төлөөллийн тоог нэмье” гэлцэх боллоо. Үндсэн хуулийг бүтээхдээ хүн амын тоог харгалзахаас гадна Монгол Улсын өөрийн онцлог, нутаг дэвсгэр том, хүн ам цөөн байдлыг харгалзаж тойргийн төлөөллийн тоог тогтоосон. 400 гаруй АИХ-ын депутатыг ч, 76 гишүүнийг ч тэгж шийдвэрлэсэн. Үүнийг зарим хүн яагаад  ярихгүй байна вэ. Монгол Улсын онцлогийг харгалзаж тоог тогтоохгүй бол ихэнх нь Улаанбаатар хотоос сонгогдсон  гишүүд байх магадлал өндөр.

Ер нь бол хүн амын тоо өсөхөөр парламентынхаа  гишүүдийн тоог нэмээд байгаа улс орон байдаггүй шүү дээ. Үүнийг бас бодолцох ёстой. Эцэст нь хэлэхэд, Ерөнхийлөгчийн хуульд тавьж байгаа хориг нь хүчгүй байна. Иймд Дээд танхимын хяналт буюу ард түмний өргөн төлөөлөл бүхий Дээд хуралтай байх нь чухал болохыг сүүлийн 30 жилийн амьдрал харуулсаар ирлээ. хууль тогтоох Доод танхимын боловсруулсан хуулиудыг шаардлагатай гэж  үзвэл Дээд танхим татан  авч дор нь өөрчилдөг байвал ардчилал хэрэгжинэ, ард түмэн төрийн эрхийг барих үйл ажиллагаа хангагдана.

-Таны үзэж байгаагаар Дээд танхим бий боллоо гэхэд  эрх, үүргийн зохицуулалт ямар байх нь зүйтэй вэ?

-Үндсэн чиглэлийг гурав, тав, арван жилээр батлах хэрэгтэй. Энэ тохиолдолд асуудал гарахгүй, ингэснээр УИХ-ын гишүүд өөртөө төсөв хуваарилдаг явдал үгүй болно. Ерөнхийлөгч, Доод танхимын дарга, Ерөнхий сайд, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Төв банкны ерөнхийлөгч, Улсын ерөнхий аудитор зэрэг албан тушаалтныг Дээд танхим  томилдог байх нь зүйтэй. Ингэж чадвал тогтвор суурьшилтай, Доод танхимаас хамаарал багатай болно. Үйл ажиллагааны хувьд жилдээ 1-2 удаа хуралддаг, гишүүд нь орон тооны бус байх нь зүйтэй. Харин төрөөс сард тогтмол урамшуулал авдаг байж болох юм.

Би 1976 оноос хойш Ардын Их хурлын депутатаар тасралтгүй ажилласан, сард 80 төгрөгийн урамшуулалтай. Тэр нь жилийн эцэст 800 мянган төгрөг болж, өвлийн идшээ авдаг байлаа. Одоо сард 100 мянган төгрөг авахад жилийн эцэст 1.2 сая төгрөг болно, түүнээс илүү мөнгө хэрэггүй. Унаа, байр  хэрэггүй. Хамаагүй бага зардлаар ард түмний төлөөллийг хангах боломжтой. Доод танхимын баталсан зарим хуульд болон заалтад хориг тавих, хууль зөрчсөн, ёс зүйн дутагдал гаргасан тохиолдолд эргүүлэн татдаг байх зохицуулалтаар явах нь зөв. Дээд  танхимын хуралдааны чөлөө цагт тэргүүлэгчид ажиллана. Тэргүүлэгчид нь дарга, орлогч, долоон гишүүн, цомхон ажлын албатай байна. Санхүү, аж ахуйг Доод танхим нь хариуцана. Дээд танхимын гишүүдийг зургаан жилээр сонгож, гишүүдийн тал хувийг гурван жилд нэг удаа сэлгээ хийдэг сонгууль явуулж байвал гишүүдийн хариуцлага дээшилнэ, төрийн залгамж чанар алдагдахгүй, мэргэшсэн хууль тогтоогч бий болно.

-УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэгэхээр дахин гар хүрэх боломж хуулиар хаалттай. Иймд төрийн байгуулалтыг өөрчлөх өөр ямар арга зам байж болох вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тогтолцооны өөрчлөлт хийх боломжгүй. Тиймээс УИХ энэ хуулийг хэлэлцэж хүчингүй болговол гарц нээгдэнэ. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгч зарлиг гарган баталж, зохих журмын дагуу хэлэлцүүлэх бололцоотой.

Нэг зүйлийг хэлэхэд, 1992 оны Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар бүлэг бол олон улсын жишигт үндсэндээ нийцдэг. Үүнийг шинэ парламент өөрчилж дийлэхгүй. Манай Үндсэн хууль монгол хүнд зориулагдаагүй, ерөнхий утгаараа  хүнд зориулагдсан. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр монгол хүнд зориулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Тав дахь Үндсэн хуулийг боловсруулахдаа 1992 оны хуулиа гол суурь болгож авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн нэмэлтийн хууль болж орж ирвэл зөв болно. Яагаад гэвэл, 1992 онд Үндсэн хууль батлалцсан депутатууд шиг итгэл, сэтгэлтэй, элдэв шуналгүй, эдийн засгийн болон улс төрийн бүлэглэлд хамаарагдаагүй, гадны үндэстэн дамнасан корпораци, аль нэг их гүрний удирдлагатай холбоо сүлбээ багатай Дээд танхим бараг гарч ирэхгүй.

1992 оны монгол хүн, 2022 оны монгол хүний хооронд маш их ялгаа бий. Зан суртахуун, үзэл бодол, хөгжил дэвшлийн хооронд өөрчлөлт явагдсан. Яагаад ингэж хэлэв гэхээр өнөөдөр Үндсэн хууль өөрчлөх эрхийг шууд өгчихвөл улс орныг хямралд оруулж мэдэх нөхцөл байдал бас харагдаж байгаа. Манай зарим УИХ-ын гишүүн Үндсэн хуулиа дэлгэрүүлж ойлгож чаддаггүй, Монгол Улс нэгдмэл гэдгийг ойлгодоггүй. Эдийн засгаа хөгжүүлэхдээ бид заавал Монгол Улсаас хамааралтайгаар хөгжүүлэх ёстой. Энэ бол төрийн хар хайрцагны бодлого юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шудрага иргэн(202.126.90.91) 2022 оны 06 сарын 04

Гомбожав мэтийн хүмүүсийн үгийг сонсох нь зөв шүү. Үндсэн хууль тогтоогчдын холбоо гэж тэр үед юугаа ч ойлгохгүй, голдуу аялдан гар өргөгч байсан хэдэн этгээд одоо мэдэмхийрээд байх хэрэггүй. Үнлсэн хуулийг өмчлөх гээд ч байгаа юм шиг зан гаргаад л.

0  |  0
Болор(43.242.243.2) 2022 оны 06 сарын 10

Сайн ярилцлага

1  |  0
Уншигч(64.119.18.51) 2022 оны 06 сарын 03

Монгол улс ардчилсан улс гэдэг боловч жинхэнэ утгаараа арчилсан улс биш.нам төвтэй дарангуйлалтай орон.өнөөдөр удирдах зөвлөл төрийн эрх мэдлийг мэдэж тоглоомын засгийн газартай байна.дэлхийн хөгжингүй төм орнууд хоёр шатлалтай парламенттай.монгол улс АИХ,бага хуралтай болж байж ард иргэд төрд оролцох оролцоо нэмэгдэж хөгжинө.

1  |  0
хясал(66.181.181.53) 2022 оны 06 сарын 10

Болдогсон бол ийм л нүён нуруутай ажил амьдарлын арвин тушлагатай хүмүүс манай төрд ус агаар шиг хэрэгтэй байна. Даанч би мэднэ чадна гэх гэх 80-90-ээд оны дураараа балчирууд хөгшин зөнөг,хоцрогдсон энд хэрэггүй гэртээ харь гаж эрээцээргүй авирлаад хавьтуулахгүй л дээ

2  |  0
Irgen(172.58.20.228) 2022 оны 06 сарын 10

Ene mundag hynii ygiig dagah yumsan.ard tymnee gesen setgel ene shyydee.bygdeeree demjicgeeye.

4  |  0
Top