Ц.МӨНХБАТ: 1,4 тэрбумын санхүүжилтээр 900 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж бий

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Өнөөдөр /2022.05.30/ Дундговь аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан болж газар, хэлтэс, агентлаг, сумдын удирдлагууд танхим болон цахимаар холбогдон оролцов.

Тус хурлаар “Төрийн хэмнэлтийн тухай хууль, хэрэгжүүлэх арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн шалгаруулалт, цаашид хэрэгжих үе шат, эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинэ гарсан төлбөртэй үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын хамтын төлбөр, илрүүлэг үзлэгийн талаар, байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн ERP цахим системийн зохион байгуулалт, ашгийн бус төсөл хүлээн авах Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам, Канад сангийн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

Дээрх мэдээллүүдэд үндэслэн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төсвийн захирагч нар төсвийн хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ханган хариуцлагатай ажиллах, төсвийн хэмнэлт хийгдэж буй энэ цаг үед ашгийн бус төслийг хэрэгжүүлэхэд байгууллагууд санаачилгатай ажиллах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 900 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж байна, эдгээр төсөл хөтөлбөрт иргэдийг хамруулахад нээлттэй ил тод байж ард иргэдийг өргөнөөр хамруулан батлагдаж ирсэн төсвийг үр дүнтэй бүрэн зарцуулах, цахимжуулалтыг төрийн албан хаагчид үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж, мөрдөж хэвшүүлэх талаар зөвлөмж, чиглэл өглөө.

Мөн аймгийн Засаг даргаас өмнөх шуурхайд өгөгдсөн тарьсан модны усалгаа, арчилгаа, нөхөн тарилт хангалтгүй хийгдэж байгааг онцлоод нөхөн тарилтыг дахин хийх, хийгдээгүй тохиолдолд удирдлагуудад хариуцлага тооцох, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна тохижилтыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд өгөгдсөн кодын дагуу гадна өнгө үзэмжийг сайжруулах, 6 дугаар сарын 04-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах, 80 жилийн ойн ажлын хүрээнд аймаг сумдын нийт айл өрхүүд гадна өнгө төрхөө сайжруулах, аймгийн төвийн замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top