Шаардлагатай тохиолдолд ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН зарлана гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 09

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 6-ны өдөр хаалтаа хийсэн. Чуулган хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, нийт 341 хууль, 44 тогтоол баталсан байна.

Чуулганы хуралдааныг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрээр энэ хаврын ээлжит чуулганыг дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын нөлөөгөөр тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, хөрш орнуудын хил гааль тодорхой хугацаанд хязгаарлагдсан, олон улсад геополитикийн хурцадмал байдал үүссэн хүндрэл бэрхшээлтэй цаг үед хуралдлаа хэмээн тодотгосон. Мөн энэ удаагийн ээлжит чуулганаар гурван Хянан шалгах түр хороо, дөрвөн Хяналт шалгалтын Ажлын хэсэг  байгуулагдсан. Улмаар Хөгжлийн банкны хэрэг, эмийн чанар, хуурамч болон стандартын бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хилийн боомтууд, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг улс орон, ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлуудаар байгуулагдсан Түр хороодын ажлын үр дүнг УИХ намрын чуулганаараа хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах болно гэдгийг спикер гишүүдэд сануулсан.

Чуулганы хуралдааныг хааж хэлсэн УИХ-ын даргын үгээс дараах зүйлийг онцолж, тоймлон хүргэж байна.

 

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр бүс нутагтаа тэргүүлж байна

 

Өнгөрсөн хугацаанд инфляц 2021 оны эхний хагасаас хойш нэг жилийн дотор 2.4 дахин өсөж, улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрсэн нь сүүлийн 10 жилд гараагүй өндөр өсөлт. Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлтийн нэг болж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд байцаа, ургамлын тос, лууван, төмсний үнэ 1.7-2.5 дахин, цагаан будаа, сүү, “Атар” талх, элсэн чихрийн үнэ 26-39 хувь нэмэгджээ. 2021 оны зургаадугаар сартай харьцуулахад шатахууны үнэ литр тутамдаа 164 хувь буюу 1.6 дахин өссөн байна. Тиймээс дөрөвдүгээр сард үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр хууль баталсан. Хямралт байдлаас хурдан, оновчтой ямар арга замаар гарах вэ гэдэгт төр, засгийн байгууллагууд, үүрэг хүлээсэн албан тушаалтнууд арга ухаанаа уралдуулж, эдийн засгаа өсгөх, үйлдвэрлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтын гадаад, дотоод орчныг сайжруулах цэгцтэй бодлого дэвшүүлж, мэдэгдэхүйц үр дүнд хүргэх нь нэн чухал боллоо. Бидэнд амрах, аялах цаг зав байхааргүй онцгой үе тохиож байгааг ард иргэд, УИХ-ын гишүүд хүртэл ойлгож ухамсарлана гэдэгт итгэж байна. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ч боломжтой.

 

“Хэмнэсэн дүр үзүүлж таарахгүй”

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгуул­лагууд санхүүгийн сахилга батыг чанд сахих асуудлыг тусгайлан журамлаж, хангамж үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний худалдан авалтад хориглох зүйлсийг тодорхойлсон. Мөн үрэлгэн байдлыг хязгаарлах, бүх шатанд  хэмнэлтийн горимыг мөрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Зардал хэмнэх тухай урьд өмнө бишгүй ярьсан ч дорвитой үр дүнд хүрээгүйг нуух хэрэггүй. Одоо ингэж хэмнэсэн дүр үзүүлж сууж хэрхэвч таарахгүй. Чухам тийм учраас тусгайлан хууль баталсан. Энэ хуулийн заалт нэг бүрийг ягштал хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрвээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх ёстой. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсгэхгүй байх үүднээс Засгийн газраас цогц төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр заасан. Хуулийн хэрэгжилт хэр үр дүнд хүрч байгааг шалган дүгнэж, намрын чуулганд танилцуулах нь зүйтэй.

 

Хүнс экспортлогч орон болох зорилт

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” тогтоолыг УИХ хэлэлцэж баталсан. Энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлж чадвал хүнс үйлдвэрлэгчдээ урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, мэргэжлийн чадварлаг хүний нөөцтэй болж, мал амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс ангижирна. Ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох зорилт хангагдана. Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх Ерөнхий­лөгчийн санаачилгыг холбогдох бүх байгууллагууд, ард нийтээрээ бүрэн дэмжиж, идэвхтэй, санаа­чил­гатай ажиллах шаардлагатай.

 

Зөвшөөрлийн тоог тав дахин бууруулав

 

Иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд учирч буй хүнд суртал, саад бэрхшээлийг багасгахад энэ удаагийн чуулган анхаарлаа хандуулсан. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Тендэрийн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Төрөөс аливаа зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгох, цахимаар зохион байгуулах, хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл бий болгох болон зөвшөөрлийн тоо, төрлийг нэмэгдүүлэхийг хориглох заалтыг Зөвшөөрлийн тухай хуульд тусгасан. Энэхүү хуулиар төрөөс олгодог зөвшөөрлийн тоог тав дахин буурууллаа.

           

Бөх, морины маргааныг цэгцэлсэн

 

Монголчууд бид Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байна. Цар тахлын улмаас монгол түмэн наадмаа үндсэндээ хоёр жил тэмдэглэж чадаагүй. Тиймээс ард олноороо сэтгэл тэнэгэр, өргөн дэлгэр, сайхан наадах таатай нөхцлийг бүрдүүлэх талаар Баяр наадмын комисс онцгой анхаарах нь чухал. Энэ удаагийн чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Үүгээр үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдааны маргаантай асуудлуудыг хуулийн хүрээнд цэгцэлсэн гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.165.189) 2022 оны 07 сарын 09

хүнсний бүтээгдэхүүн экспортлох нь ч яамай.нэн тэргүүнд ард иргэдээ эрүүл,найдвартай,хямд хүнсээр хангах хэрэгтэй.илүү гарсангаа зкспортлоно биз.мах экспортлоно гээд махны үнийг хөөрөгдөө биз дээ.

0  |  0
зочин(66.181.165.189) 2022 оны 07 сарын 09

хэмнэлтийн хуульд аймгийн төвүүд сумын наадам гэж хийнэ гээд заасан уу.ккк\n\n

0  |  0
Top