Д.Ган-Очир: Том төслүүд сонголт биш, зайлшгүй хийх ёстой зүйл

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед “Алдагдсан боломж” гэж ярих боллоо. Тэгэхээр манай уншигчдад алдагдсан боломж гэж чухам юуг хэлж байгаа талаар тодруулж өгнө үү?

-Эдийн засгийн шинжлэх ухаанд “Алдагдсан боломжийн өртөг” гэдэг ойлголт бий. Хувь хүн, аж ахуйн нэгж гээд бүгд л шийдвэр гаргаж байдаг. Жишээлбэл, хоёр сургуулийн аль нэгийг нь би сонгоод элслээ. Харин миний сонгоогүй үлдэж байгаа сонголт бол миний алдаж байгаа боломж, тэр нь өөрийн гэсэн зардалтай байдаг л гэсэн үг. Хэдийгээр тэр сонголт нь сайн, эсхүл муу байж болох ч би тэр боломжийг алдаж байгаа юм. Сонголт бүрийн ард алдагдсан боломж гарч ирж байдаг. Гэхдээ зарим алдагдсан боломжийн өртөг зардлыг тооцож хэлэх нь төвөгтэй. Харин заримыг нь эдийн засгийн аргачлалаар нь тооцоод өртөгийг нь гаргаж болдог.

-Тодорхой шалтгаануудын улмаас хэрэгжээгүй, олон жил гацсан улсын хэмжээний том төслүүдийн алдагдсан боломжийн тухай Ерөнхий сайд ярьж байсан. Улсын эдийн засаг, эрх ашигтай холбоотой том төслүүдийн хэмжээнд алдагдсан боломжийг хэрхэн авч үздэг вэ?

-Мэдээж энэ бол дахиад л сонголт. Улс төрийн, эдийн засгийн олон боломжит төсөл байна. Хоёр тэрбум төгрөгтэй байгаад түүнийгээ нийгмийн халамж болгон тараах, зам харилцаа, сургууль цэцэрлэг барих, эсхүл ажлын байр шинээр бий болгох төсөл хэрэгжүүлэх үү гээд олон сонголт гарч ирнэ. Төмөр зам, цахилгаан станц, боловсруулах үйлдвэр барих байгаад өөр сонголт хийсэн бол алдагдсан боломж гэж ярьж болно. Гэхдээ үүнийг нь эдийн засгийн аргаар батлах шаардлагатай.

Тэгж байж л энэ сонголт маань эдийн засгийн хувьд илүү ашигтай байжээ гэж ярихгүй бол шууд дүгнээд ярих нь зарим тохиолдолд өрөөсгөл байж болно. Гэхдээ сүүлийн 30 жилийн эдийн засгийнхаа байдлыг харсан ч тэр, цар тахлын үеийн нөхцөл байдлын агуулгаар нь хараад тооцохоор төмөр замаа барьчихсан байсан бол, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгочихсон байсан бол гэдгээрээ бидний алдагдсан боломж буцаад бидэнд их өндөр өртөгтэйгөөр бууж ирж байна. Хэдий хэмжээний алдагдал байсан гэдгийг тоон утгаар гаргаж ирж байж л ярих хэрэгтэй. Энэ бол маш том сургамж. Тиймээс энэ зүйлүүдээ нэн тэргүүнд хийж явахгүй бол зөвхөн нийгмийн халамж, өнөө, маргаашаа аргацаасан төсвийн бодлоготой яваад байвал биднээс шалтгаалахгүйгээр улам хүндрэлтэй байдал руу аваачдаг юм байна гэсэн том сургамж гэж харж байна.

-Төмөр зам баригдаагүй учраас асар их хөрөнгө олох байсан боломжоо алдчихсан гэж ярьдаг. Үүнээс гадна эрчим хүчний томоохон төсөл, боловсруулах үйлдвэр гээд энэ олон том төслүүдээс олох байсан хөрөнгө, мөнгөн дүнг тооцож, гаргаж болдог юм байна, тийм үү?

-Нэг зүйлийг эхлээд сайн ойлгох ёстой. Тэр боломжийг алдахаасаа өмнө өөр нэг сонголтыг л бид бүхэн хийчихсэн. Тэр бүтээн байгуулалтыг хийхэд шаардлагатай байсан хөрөнгийг өөр нэг сонголт руу хийсэн гэсэн үг. Харин энэ сонголтыг хийх нь тухайн үедээ гарцаагүй байсан уу гэдэг нь өөрөө асуудал. Тэгэхээр тухайн үеийнх нь байдалд дүн шинжилгээ хийж байж тэр төслийг хэрэгжүүлэхээс илүүтэй нийгмийн халамж, жижиг дунд үйлдвэр рүү хийсэн байна гэдгийг гаргаж ирнэ. Үүнээс гадна улс төрийн гээд олон шалтгаан байна шүү дээ. Харин эдгээр олон шалтгааныг орхиод эдийн засгийн хувьд тэр хөрөнгийг эдгээр сонголтоос алинд нь зарцуулах боломжтой байсныг судлан гаргаж болно. Мэдээж өнөөдрийн нөхцөл байдал, хүндрэлээс харахад томоохон төслүүддээ хөрөнгө оруулаад төмөр замаа тавьсан бол ашигтай байх байсан гэдгийг харж болно.

-Хятадын Гадаад хэргийн сайд манай улсад айлчиллаа. Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг шийдэж, ажлыг нь эрчимжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ ажил урагшлаад ашиглалтад орлоо гэхэд манай улсад эдийн засгийн ямар үр өгөөж өгөх юм бэ?

-Үр өгөөж өгөх нь тодорхой зүйл. Эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийн нэн тэргүүнд эрчим хүч бий. Энэ тухай Ерөнхий сайд, салбарын сайд нь ч тодорхой хэлж байна лээ. Ямар ч байсан асуудлаа олоод харчихсан гэж ойлгож байгаа. Өнөөдөр манай улс 200-250 сая ам.долларын эрчим хүч гаднаас авч хэрэглэдэг. Нефть, хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр, валютын гарах урсгал их байгаа үед энэ нь эргээд дарамт болж байна. Дээрээс нь аж үйлдвэржилтээ хөгжүүлэх, Улаанбаатар хотоо тэлэх зэрэгт нэмэлт эрчим хүч зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа Украинд үүссэн нөхцөл байдал Европ тив, цаашлаад дэлхий нийтэд эрчим хүчний хямрал, хараат байдлыг бий болгож байна. Тиймээс улс орон бүр эрчим хүчний хараат бус байдлыг хангахгүй бол том асуудал бий болдог юм байна гэсэн сургамж боллоо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч гэсэн эрчим хүчний бие даасан, хараат бус байдлыг хангана гээд заачихсан. Энэ заалт 1996 онд ч байсан сүүлд шинэчлэхэд нь ч орсон. Харамсалтай нь хэрэгжилтийн хувьд хангалтгүй явж ирсэн. Энэ утгаараа эрчим хүчний томоохон төслүүд дээрээ бид хугацаа алдахгүй орох хэрэгтэй. Дэлхий нийтээр эрчим хүчний асуудалд орж байгаа энэ үед донор орнууд, бусад эх сурвалжаас санхүүжилтийг нь шийдүүлэх боломжтой.

-Манай улсад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч гэсэн Эгийн голын усан цахилгаан станц дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Энэ төсөл ч гэсэн хараат бус, бие даасан байхад том түлхэц болох байх?

-Мэдээж эрчим хүчний төсөл гэдэг утгаараа маш чухал. Гол нь улс хоорондын л асуудал байгаа. Энэ утгаараа гадаад харилцаа, олон улсын зуучлагч байгууллагууд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хөндлөнгийн үнэлгээ хэрэгтэй. НҮБ хоёр талыг зуучилж ойлголцуулах, хараат бусаар үнэлгээ хийх зэрэг маш чухал үүргийг гүйцэтгэж таарна.    

-Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын холболтыг тохирсон нь ч эерэг үзүүлэлт болох байх даа?

-Уул уурхайн бүтээгдэхүүн, эрдсийн экспортын өртгийн хувьд гурав дахин хямдхан болж байгаа юм. Ялангуяа нефтийн үнэ өссөн энэ үед бүр ч ашигтай болно. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ одоогоор хэлбэлзэлтэй байна. Цар тахал, дайны дараахан огцом өссөн ч буцаад бууж байна. Гэхдээ л түүхэн дунджаас өндөр байгаа. Энэ ажил бүрэн цэгцрэхэд 1-2 жилийн хугацаа шаардагдах байх. Гэсэн ч экспорт багассан, валютын нөөц буурсан, гадаад өр төлбөр төлөгдөх хугацаа дөхсөн ийм цаг үед энэ асуудлыг шийдэх нь маш чухал. 

-ОУВС зэрэг байгууллагууд манай улсад валютын нөөцөө нэмэгдүүл гэсэн зөвлөгөөг өгч байгаа. Харин боомтуудын гарцыг нэмэгдүүлснээр валютын нөөц нэмэгдүүлэхэд дөхөм болно. Манай валютын нөөц одоогоор хэр байгаа вэ?

-Дунд, урт хугацааны зүйлс бол ойлгомжтой. Аж үйлдэрийн төслүүд, одоо байгаа эрдэс, түүхий эдээ нэмүү өртөг шингээсэн байдлаар гаргах хэрэгтэй. Харин богино хугацаанд бидний валют олж чадаж байгаа нүүрс тээвэрлэлтэд үүсэж байгаа гацаануудыг яаралтай шийдэх нь чухал. Энэ асуудал шийдэгдчихээр валютын нөөц бүрдүүлэх, ханшийн өсөлтийг бууруулах, өр төлбөр төлөх зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Бид түүхэндээ 36 сая тонн нүүрс гаргасан. Харин Засгийн газрын сүүлийн тооцоогоор 20-24 сая тонныг гаргаж чадна гэж үзсэн. Нэг сая тонн нүүрс гаргахад 100 сая ам.доллар олдог юм.

-Гарцыг нэмэгдүүлээд нэг сая тонн илүү гаргахад л 100 сая ам.доллар илүү олох нь байна шүү дээ?

-Яг тийм, маш энгийн тооцоолол юм. Гэрээний дундаж үнээр бодоход л ийм. Магадгүй дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн үед ингэж гаргавал 150 сая ам.доллар болно гэсэн үг. Ингээд бодохоор үр ашиг нь хэрхэн ирэх вэ гэдэг маш ойлгомжтой болно.

-Гадаад нөхцөл байдал манай эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Цар тахал үргэлжилж байна. Манайх хаа очиж цар тахлын давлагаануудыг гадаад тэнцэл, валютын нөөцөд ирэх дарамт талдаа харьцангуй боломжийн давсан. Энэ оны нэгдүгээр сарын 1 гэхэд манай улсын валютын нөөц 4.4 орчим тэрбум байсан. Үүний дараагаар Орос, Украины асуудал маш том цохилт болсон. Манай хоёр гол импортын бүтээгдэхүүн дээр давхар цохьсон. Манайх жилдээ 1.2 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний шатахуун авдаг байсан. Гэтэл дэлхийн зах зээл дээр өнгөрсөн жилийн дунджаасаа 60-70 орчим хувиар нэмэгдчихсэн. Ингээд манай импортын хэрэглээ хэвээрээ хэрнээ өртөг нь хоёр тэрбум ам.доллар болчихож байгаа юм.

-Нэмээд найман сая тонн нүүрс гаргах хэрэгтэй болох нь ээ?

-Яг үнэн. Найман сая тонноос багагүй хэмжээний нүүрс гаргаж чадвал нөхөөд байх боломжтой. Гэтэл БНХАУ-ын “Тэг Ковид” бодлого, хилийн гацаа зэргээс үүдэн экспортоо хангалттай хийж чадаагүй. Дээрээс нь манайх жилдээ 520-оод сая ам.доллароор хүнс импортолдог. Хүнс ч гэсэн дор хаяж 20-30 хувиар нэмэгдсэн. Ингээд хэрэглээ маань хэвийн ч гэсэн зардал нь нэг тэрбумаар нэмэгдчихсэн. Аялал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бусад зардлаа нэмэхээр 1.5-2 тэрбум ам.долларыг зөвхөн үнийн өсөлтөөс шалтгаалан илүү төлж байгаа гэсэн үг. Энэ дарамтыг валютын нөөц дээрээ шингээж байна.

-Олон улсын нөхцөл байдал ийм байгаа ч гэсэн нөгөө талдаа уул уурхайн түүхий эдийн үнэ ханш өсөлттэй байна. Ийм үед асуудлыг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх боломж бий болов уу?

-Аливаа хүндрэл, хямрал дотор боломж явж байдаг гэж ярьдаг. Гэхдээ өнөөгийн хямрал бол дэлхий нийтийг хамарч байгаа зүйл. Боломж талаас нь хараад үзвэл нийгэмд хэд хэдэн том сургамж, ойлголтууд өгч байна гэж харж байгаа. Дээр ярьсан том төслүүд чинь сонголт биш, зайлшгүй хийх ёстой зүйл юм байна. Эдгээр зүйлсээ шийдэж байж валютын урсгал хэвийн болж, валют орж ирэх юм байна. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явагдсанаар үнийн өсөлт бага байх нь, ингэснээр эдийн засаг, нийгэм тогтвортой байдаг юм байна гэсэн сургамж боллоо. Харин гадаад талдаа харвал дэлхий нийтээрээ эрчим хүчний хямралтай нүүр тулж, улс орон бүр бие даасан байдлыг хангах чиглэлд явж байна. Энэ дунд Монгол Улс эрчим хүчний асуудлаа гаргаж тавиад явж байгаа нь үнэхээр сайн хэрэг.

-Дэлхий нийтээрээ инфляц нэмэгдэж байна гэлээ. Манай улсын хувьд инфляцийг нэмэхгүй, тогтвортой байлгах тал дээр юу хийж байна вэ?

-Дэлхийн томоохон улс орнуудын инфляц хоёр оронтой тоо руу шилжиж байна. Өнөөдрийн инфляц бидний сүүлд гаргасан төсөөлөлтэй ойролцоо байгаа. Инфляц Улаанбаатар хотод 16.9 хувь, улсын хэмжээнд 16.2 хувьтай байна. Одоо бидний гаргаж байгаа төсөөллөөр үүнээс нэмж нэг их өсөхгүйгээр он дуустал тогтвортой байгаад ирэх жилээс алгуур бууна. Ирэх жилийн хагасаас зургаа дээр нэмэх, хасах хоёр хувь руугаа ойртож ирэх юм байна гэдэг төсөөлөлтэй байгаа. Засгийн газраас зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ төсөөллийг гаргахад эерэг хүчин зүйл болсон. Монголбанк өнгөрсөн оны сүүлээс хойш мөнгөний бодлогоо чангаруулж байна. Мөнгөний бодлого тодорхой хугацааны хоцрогдолтой эдийн засагт нөлөөлдөг. Тиймээс энэ намраас бодит нөлөөллүүд нэлээд идэвхтэй гарч байгаа гэж харж байна.

-Арилжааны банкууд цар тахлын үед харьцангуй ашигтай ажилласан ч иппотекийн зээл гаргахгүй байна гэсэн гомдол их гарч байгаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Огт гарахгүй биш, мэдээж гарч байгаа. Иппотекийн эргэн төлөлт нь сардаа 20-25 орчим тэрбум төгрөг байдаг. Үүнийг нь Монголбанк эргэн гаргаж, арилжааны банкуудад хувиарладаг юм. Гэтэл энэ зээлийн эргэн төлөлтийг Засгийн газраас хойшлуулчихсан болохоор буцаан хувиарлагдахгүй байгаа тохиолдол бий. Гэхдээ Монголбанканд иппотекийн зээлийг үргэлжлүүл гэсэн чиглэл өгсөн учраас энэ утгаараа сар болгон 25 тэрбум төгрөгийг банкуудад хувиарлаж байгаа. Тэгэхээр иппотекийн зээл тодорхой хэмжээнд гарч байгаа гэж ойлгож болно.

-Сангийн сайд өрийн дарамтад орох нөхцөл үүсээгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл манай улсын өнөөгийн гадаад өр ямар байгаа вэ. Ойрын хугацаанд, нэн яаралтай төлөх ямар зээл байгаа вэ?

-Сангийн сайд маш тодорхой мэдээлэл өгсөн байсан. Гэхдээ илүү Хөгжлийн банк тал дээрээ төвлөрсөн тайлбар байна лээ. Ойрын хугацаанд төлөх ёстой гэвэл Самурай бонд байна. Нөгөөх нь Хөгжлийн банкны өөрийнх нь авсан зээл бий. Гол нь Сангийн яам, Хөгжлийн банк талдаа тооцоогоо хийгээд энэ эх үүсвэрүүдийг тодорхой түвшинд эргэн төлөлтөөр нь шийдэх бололцоотой болж байгаагаа хэлээд зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ тогтвортой гаргаад ирлээ. Гагцхүү хүүний асуудал байна.

Өмнө нь дэлхийн зах зээл дээрх хүү 0.25-05 байсан. Одоо суурь хүү хоёр болсон. Цаашдаа 3-3.5 хувь болохоор байгаа гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ер нь том зургаараа энэ өр зээлийн асуудлыг яах ёстой вэ, яаж боломжийнхоо хэрээр төлж барагдуулах юм гэдэг анхаарлын төвд байх ёстой. Өрийн дефолт боллоо гэхээр л анхаардаг биш үүлэн чөлөөний нар шиг олддог боломжууд дээрээ төлөөд явах нь зүйтэй.       

  

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.89.240) 2022 оны 08 сарын 11

Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан гэж ярьдаг

0  |  0
мт(66.181.160.57) 2022 оны 08 сарын 10

за даа хэлдэгярьдаг л жижүүрийн хээн үг хэллэг л байнадаа хөөрхий арга ч үгүй биз гарц багадаа монголын хувьд. гэхдээ нэг их нэг намд далдганаагүй мохоо хэдэн хэлэг баййгаа нь энэ нь дээрдээ залуу хүнд-замын хүзүүгээ бодоо биздээ

0  |  0
Top