Ж.Дэнсмаа: Амьдралд алдсан нэгнээс амжилтад хүрсэн хэнд ч оюуны дасгалжуулагч хэрэгтэй

2022 оны 08 сарын 21

Өнөөгийн нийгэм бухимдал ихтэй, мухардмал мэт байдал хүмүүсийн сэтгэлзүйд хүнд тусах болсон  гээд тоочвол олон зүйлийг хэлж болно. Тэгвэл  залуус оюун ухааныг эрэлхийлж хувь хүн өөрийгөө болоод оюунаа хөгжүүлэхэд анхаарал хандуулж байна. Тэд олон улсын эрх бүхий оюуны дасгалжуулагч буюу  интеллект трейнерүүд юм. Дэлхийн нэн шинэ мэргэжилтэн хэмээн нэрлэгдэж буй тэдний нэг төлөөлөл  Олон улсын оюуны дасгалжуулагч, гуравдугаар зэргийн мастер интеллект трейнер Ж.Дэнсмааг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Хүн оюунаа дасгалжуулж, тархиа удирдаж сурснаар амьдралаа өөрчилж болно гэж таны илтгэлээс сонслоо. Хэрхэн яаж гэдгийг хэлж өгч болох уу?

-Хүн өөрийн тархийг удирдах гэдэг зүйлийг тэр болгон мэддэггүй. Тэгвэл  тархиа удирдаж амьдралаа гайхалтайгаар өөрчилж болно. Үүнийг бид 10 хоногийн сургалтаараа харуулсаар байгаа.Тухайлбал, та амжилттай явахыг та хүсэж байвал, түүнчлэн зорилго мөрөөдлөө бодитой болгохыг, олон түмний өмнө лекц уншиж сурахыг,  аз жаргалтай,  эрч хүчтэй байхыг хүсэж л байгаа бол танд боломж бий. Үүний тулд та өөрөөсөө асуу. “Би өөрийгөө өөрчилж, зорилгодоо хүрэх замыг хайж байна уу. Илтгэх чадвараа нэмэгдүүлж, аз жаргалтай, эрүүл, эрч хүчтэй амьдрахыг хүсч байна уу” гээд өөрөөсөө асуугаад үз. Эдгээр асуултад “Би энэ бүхнийг хүсч байна” гэж хариулж байгаа бол тэр  хүсэл, мөрөөдөл, зорилгоо яг одооноос бодитой болго. Эндээс амжилтын гараа эхэлнэ.

-Хэн нэгэн зааж зөвлөх, залж чиглүү­лэхгүй бол тийм ч хурдан урагшлахгүй байх?

-Тэр үнэн. Хүн юугаар дутаж байна гэхээр өөрийг нь чиглүүлэх оюуны дасгалжуулагчаар дутаж байдаг. Бид биеийг дасгалжуулаад олимпын аварга хүртэл амжилт гаргаж болдогийг мэднэ.Тэгвэл уураг тархиа зэрэг хөгжүүлээгүйгээс болж маш олон хүн амьдрал дээр алддаг. Түүний бодит жишээ нь Н.Түвшинбаяр аварга. “Юу болоод өнгөрчихөв дөө” гээд олон хүн харамсаж гашуудаж байна. Тэгвэл тухайн хүний тархи, бие, сэтгэл гурав нэгдээгүйгээс, өөрөөр хэлбэл тархиа хөгжүүлээгүйгээс хүмүүс хүнд байдалд ордог. Хүн амжилттай байхыг хүсч байвал бодит амьдрал дээр батлагдсан найман үйлдлийг дадал болгож хэвшүүлэх ёстой юм. Тэдгээрийг сурснаараа амжилттай, эрч хүчтэй, аз жаргалтай амьдрах  боломжтой.

-Оюуны дасгалжуулагч гэсэн шинэ мэргэжил бий болсон гэж ойлгож болох уу?

-Хүн амжилттай байхыг хүсч байвал  бодит амьдрал дээр батлагдсан найман  үйлдлийг дадал болгож хэвшүүлэх ёстойг би дээр хэлсэн. Тэр дадал, зуршлыг дасгалжуулж, амьдралд бодитой болгодог  жишээг оюуны дасгалжуулагч бид нийгэмдээ түгээн дэлгэрүүлж байгаа юм. Энэ бол дэлхийн нэн шинэ мэргэжил гэж болно. Манай “Super jump” сургалтад хамрагдсан  бүх хүн өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй амьдралдаа том өөрчлөлтийг хийсээр байна. Ажил нь нэг л бүтэмжгүй, эрүүл мэнд асуудалтай, хүмүүстэй харилцах харилцаа урагшгүй, бусадтай сайн ойлголцохгүй байх шиг мэдрэмж танд төрвөл өөртөө  асуулт тавиад үзэх хэрэгтэй гэж бид зөвлөдөг. Хүнд оюун ухаан дутвал бүх юмаар дутагдана. Бүх юмны эхлэл нь оюун ухаан байдаг. Бие биеэ хайрлах, өөрийн хүсэл зорилгыг хэрхэн биелүүлэх вэ, зарим хүн өөрийн гэсэн хүсэл, мөрөөдөлтэй хэрнээ зорилго, чиглэлээ тодорхойлж чадахгүй яваад байдаг. Мөрөөдлөө зорилго гэж хольж хутгаж ойлгох нь ч байна. Зорилготой байснаар хүн эрч хүчтэй байж, юунд ч сөхөрч нугарашгүйгээр өөрийн зорилгын төлөө зүтгэж, түүнийгээ биелүүлж, хэрэгжүүлж чаддаг.

-Тухайлбал?

-Жишээ нь, танд ковидын дараах хүндрэл байна уу. Ядраад, эрч хүчээ алдаад байна уу. Таны сэтгэлд  хоосон орон зай байна уу. Нийгмээ өөрчлөхийг, хажуудахаа өөрчлөхийг хүсч байна уу. Та арай өөрөөр амьдрахыг хүсэж  байна уу. Та хань ижлээсээ залхаж, гэр бүлийн харилцаа таарамжгүй, маргаантай байгаа юм  биш биз. Энэ мэт амьдралын хэцүү эргүүлэгт орсон бол, тулгамдаж буй асуудлаа шийдэх гарц хайж байгаа бол өөрчлөлтийг өөрөөсөө эхэл гэж бид зөвлөдөг. Ийм хүмүүсийн  туслагч нь оюуны дасгалжуулагч бид юм. Тэгэхээр аз жаргалыг, оюун ухааныг дасгалжуулж болдогийг, бодлоо удирдаж хүслээ биелүүлж болдог гэдгийг  манай сургалтаас  ойлгож авна гэсэн үг. Эдгээгийг өөртөө хэрэгжүүлж үр дүнд хүрнэ. Үнэхээр гайхалтай найман дасгал, найман дадлыг бид сургалтын явцад олгож байна. Монголчууд угийн хүчирхэг оюун сэтгэлгээтэй ард түмэн. Орчин цагт үүгээрээ  дэлхийд ялгарна.

-Хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Бие биетэйгээ танилцах, 200 инээмсэглэл, бодлоо удирдах, хаан, хатны харизм, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон эрч хүчээ тэтгэх, сэтгэл хөдлөлөө таньж, түүнийг удирдаж сурах,  аудио трейнинг, сөрөг мэдээ, мэдээллээс болон сөрөг хүмүүсээс өөрийгөө хамгаалах,эрхэм зорилгоо тодорхойлох, мэдлэгээ бататгах зэрэг хичээлүүд орно. Сургалтад хамрагдсанаар өөрийгөө  таньж, амжилтад хүргэх зарчмуудыг мэдэж, өөрөөсөө өөрчлөлтийг эхлэх болно. Сургалт ердөө 10 хоног телеграмм буюу цахимаар  явагддаг.

-“Super jump” сургалтын хөтөлбөрийг хэн хэрхэн бий болгосон юм бол?

-Энэ сургалтыг  2019 онд ОХУ-ын Венус академиас боловсруулж гаргасан. Одоогийн байдлаар дэлхийн 64 оронд 24 улсын хэл дээр явагдаж байна. “Super jump” буюу амжилттай яваа хүний ард найман дадал байдаг гэхээр ихэнх хүмүүс мэдээд байдаг. Тэгсэн хэрнээ хэрэгжүүлдэггүй, энгийн атлаа гайхалтай дадлууд байгаа юм. Энэ дадлыг хүмүүст суулгаж өгснөөр тухайн хүн хүссэн хүсээгүй амжилттай явна. Хүмүүс бүгд хүсдэг шүү дээ, энэ ажлаа ингээд нэг амжуулчих юм сан, тэрийгээ  тэгж хийх юмсан гээд. Тэр хүслээ биелүүлэхийн тулд миний хэлээд байгаа найман дадлыг өөртөө бий болгочих ёстой юм. Аливаа зүйл зорилготой, агуулгатай байдаг. Энэ сургалтын гол зүйл нь эхлээд  тухайн хүн өөрийгөө өөрчлөх ёстой. Эерэг бодол санаагаар цэнэглэх учиртай. Дараа нь бусдыг өөрчилнө, эцэст нь эх дэлхийгээ эерэг үзлээр аврах, ийм л зорилгод чиглэдэг. Өөрөөр хэлбэл,  хүн төрөлхтнийг өөрийг нь өөрөөр нь авруулах. Дэлхийн долоон тэрбум хүнд оюун ухааны хоосрол гэдэг гамшиг нүүрлэсэн. Хүмүүс хүн чанараа гээж эхэлсэн, техник, технологийн дэвшлийг дагаад сөрөг хүчин зүйлүүд бий болж байна. Тиймээс “Super jump”  сургалт нь хүнийг хүн байлгах, эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн харилцааг оюунлаг байлгахын төлөө зорилготой. Үүнд ямар нэгэн шашны талаарх ойлголт байхгүй. Мөн улс төрийн элдэв зорилго байхгүй. Хамгийн гол нь хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэдэг. Хувь хүн хөгжинө гэдэг асар том ойлголт. Брэндийн хувцсаар гоёж, тансаг хаусанд амьдрах нь хувь хүний хөгжил биш. Хувь хүний хөгжил бол боловсрол, төлөвшил, хандлага, ёс зүйд оршдог. Өнөөдөр Монголын ирээдүй, хүүхэд залуус гар утас бариад буйдан дээр хэвтэж байдаг болсон. Гэрээ цэвэрлэхгүй, эцэг эхийнхээ үгийг сонсдоггүй, гэрийн даалгавар хийхгүй, ном уншихгүй, зөвхөн  гар утастай нөхөрлөдөг байдал газар авсан. Энэ бол хүүхдэд эрүүл мэндээс эхлээд оюун санааны хувьд эрсдэл  авчирч байна. Цахим ертөнцөөс зарим нь буруу мэдээлэл авч, оюун санаагаар хохирол амсаж байна. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч сэтгэлзүйн хувьд дарамтад орох, цахимаас хэт хамааралтай болох үзэгдэл газар авсан. “Super jump” сургалтаар гэр бүл, анд нөхөд, хамт олон, найз нөхдийн хоорондын харилцаа гайхалтай сайжирдаг. Дээрээс нь өөрийн ярих ур чадвар нэмэгдэнэ. Ярих ур чадвар нэмэгдэнэ гэдэг уураг тархины хөгжилтэй холбоотой. Хүн зөв мэдээ мэдээлэл авч,  зөв мэдлэгтэй болж, уураг тархи нь хөгжихөөр хүссэн хүсээгүй яриад эхэлнэ. Хүний бодол санаа, үйл хэрэг эерэг сайхан болоод ирэхээр ажил үйлс нь ч бүтэмжтэй болж орлого, мөнгө санхүүгийн урсгал  нь ч дагаад сайжирна.  Тэр байтугай  хүмүүст бий болсон ковидын дараах хүндрэл бэрхшээлүүд ч гайхалтай засагдаж байгааг сургалтад хамрагдсан хүмүүс хэлж байгаа юм.

-Танай сургалтад их төлөв ямар хүмүүс хамрагдаж байна вэ?

-Янз бүрийн насны, янз бүрийн санаа бодолтой хүмүүс бидэнд ханддаг. Ядарсан нь ч, задарсан нь ч ирж байна. Амжилттай явахыг мөрөөдөж байгаа хэрнээ учраа нэг л олохгүй байгаа залуус их ирдэг. Зарим  сэтгэл гутралд орсон хүмүүс ханддаг. Хүүхэд төрүүлээд гэртээ сууж байгаа  эмэгтэйчүүд ихээхэн  хамрагддаг. Бүгд өөрийн гэсэн гарц гаргалгааг олж, сургалт дуусахад баяр хөөртэй тараад явдаг. 10-хан хоногт өөрийн биед их цэвэрлэгээ, нэг ёсны том засал хийлээ гэж ярьж, хэлж, баярлаж талархсанаа илэрхийлж байгаа хүн олон байдаг. Оюун ухааны засал шиг том засал хаана ч байхгүй. Хүний бодол санааг эерэг энергээр цэнэглэж, эрч хүчтэй нэгэн болгож өөрчилнө гэдэг хамгаас чухал. “Super jump” сургалтаар дэлхийн улс орнуудад оюуны дасгалжуулагчид олноор гарч ирж байна. Одоогийн байдлаар 200 гаруй дасгалжуулагч багш бий болсон гэсэн мэдээлэл байна. Миний бие тэдний нэг, одоогоор оюуны дасгалжуулалтын гуравдугаар зэргийн интеллект трейнер болсон.

-Оюуны дасгалжуулалт гэдэг нэг ёсондоо хүний амьдралыг дасгалжуулах юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Оюун ухааныг дасгалжуулна  гэдэг хүн амьдралаа хэрхэн яаж авч явах тэр ухааныг дасгалжуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр оюуны дасгалжуулагч өнөөдрийн Монголын нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна. Бид амьтан биш, гэтэл зарим хүн тийм байдалтай яваад байгаа нь нууц биш. Хүн өөрийгөө өөрчилж, хань ижлээ, бусдыг, дэлхий ертөнцийг эерэг болгоход оюун  дасгалжуулалт хэрэгтэй. Орчин үед хүний хийдэг ажлыг робот хийх боллоо. Маш олон ажлын байр алга болж байна. Техник технологийн дэвшлийг дагаад хүн өөрөө робот шиг болоод байгаа тал бий. Ирээдүйд оюунлаг хүн хэрэгтэй болохоос робот  хэрэггүй. Робот бидний эзэн, удирдагч биш шүү дээ. Робот хүний оюун санааг орлож чадахгүй. Хүний оюун ухаанаар ажиллахгүй. Тэгэхээр бид өөрийгөө болоод бие биеэ, нийгмээ, эх дэлхийгээ аврах гарц нь оюун ухаан, түүнийгээ хөгжүүлэх юм. “Super jump” буюу супер үсрэлтийг хийснээр бид дараагийн нийгэм рүү, хөгжил дэвшил рүү үсрэх болно. Товчхондоо оюунлаг нийгэм рүү үсэрч орох шат гэж ойлгож болно.

-Та хүмүүст хандаж, нэн тэргүүнд юу хэлж зөвлөхийг хүсдэг бол?

-Өөрийгөө азгүй гэж үзэн сэтгэл гутруу яваа нэгнээс эхлээд амжилттай яваа бизнесмэн ч бай, олимпын аварга ч бай, ер хэн ч байсан хувийн оюуны дасгалжуулагчтай болоорой гэж зөвлөе. Өөрийгөө таньсан, өөрийгөө хөгжүүлсэн, өөрийгөө удирдаж сурсан хүн хүчирхэг нэгэн болдог юм шүү. Ийм хүн амжилтыг эрж хайх бус өөрөө түүнийг “үйлдвэрлэж”, түүгээрээ эрч хүчтэй, аз жаргалтай амьдардаг. Тиймээс уураг тархиа хөгжүүлээрэй. Өөрийгөө эерэг энергиэр цэнэглээрэй. Бусад эерэг энергийг түгээгээрэй.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
No(77.24.7.205) 2022 оны 08 сарын 24

Яг ийм трэйнинг сэтгэл гутралд аль хэдийнэ орчихсон хүнд бол тус болох нь юул бол. Сэтгэлзүйн асуудлуудтай бол сэтгэлзүйчрүү хандсан дээр. Харин энгийн зөв амьдралын хэмнэлтэй болохыг хүсвэл иймэрхүү сургалтууд яг тохирох байх

0  |  0
үл-олдох (202.21.124.3) 2022 оны 08 сарын 24

Ж.Дэнсмаа багштай холбоо барих утас 99159968 шүү

0  |  0
Тайванаа(202.55.188.107) 2022 оны 08 сарын 24

Холбоо барих утас байна уу

1  |  0
.(192.82.85.243) 2022 оны 08 сарын 24

Утасыг нь бхгүй юм уу. Яаж холбоо барих вэ

1  |  0
Хэрлэн(192.82.85.243) 2022 оны 08 сарын 24

Энэ сургалтанд сууяааа. Дугаар нь бдаггүй юм уу

1  |  0
Насаа(192.82.85.243) 2022 оны 08 сарын 24

Таалагдлаа. Утасыг нь яаж олох уу

1  |  0
Тэм(202.126.89.67) 2022 оны 08 сарын 23

Ваав л даа энэ л бхгүй юу даа

0  |  0
.(202.126.89.67) 2022 оны 08 сарын 23

Утас нь бна уу

0  |  0
Зоригсайхан(202.126.89.67) 2022 оны 08 сарын 23

Холбоо барьж утас нь бна уу

0  |  0
Наран(202.126.89.67) 2022 оны 08 сарын 23

Ваав ёстой үнэн. Гоё ярилцлага ына\n

0  |  0
D Munguu(66.181.161.123) 2022 оны 08 сарын 23

Халуун баяр хүргэе

0  |  0
Top