Шилдэг дугуйчдыг шагнаж урамшууллаа

2022 оны 09 сарын 06

Малайзын “Тerengganu Polygon” багт уралдаж буй дугуйн ОУХМ С.Жамбалжамц Турк улсад зохиогдсон олон өдрийн уралдаанд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн. Түүний ачаар Монголын дугуйчид нийт 1031 чансааны оноотой болж, дэлхийд 34-т эрэмбэлэгдсэнээр мэргэжлийн ДАШТ-д анх удаа хоёр тамирчинтай оролцох эрхтэй болоод байна.

Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж, Азийн чансаанд хоёрдугаар байр хүртэл дэвшсэн С.Жамбалжамц болон өнгөрсөн хавар Азийн АШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү, ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар байлцав.

Уулзалтын эхэнд Н.Болдхүү ерөнхийлөгч тус холбооны үе үеийн удиргдлагуудын хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн амжилт гарч буйг онцолж, энэ амжилтаа 2023 онд бататгаж чадвал Парисын олимпод 1-2 эрх авах боломжтойг хэлэв. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр амжилт гаргаж буй дугуйчдад баяр хүргээд бүх талаар дэмжиж туслахаа илэрхийллээ. Ялангуяа олон улсын холбоотойгоо харьцахад нь ОУОХ-ны гишүүний хувиар дэмжлэг үзүүлэх болно гэв.

Манай дугуйчид өнгөрсөн гуравдугаар сард Тажикистаны Душанбе хотноо болсон Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртэж, 1990 оны Азийн наадмаас хойших хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Тухайлбал, өсвөрийн уралдаанд А.Даваажаргал хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц хүрэл, эмэгтэйчүүдийн элит ангилалд Ц.Солонго хүрэл, багийн уралдаанд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ тэргүүтэй Монголын баг мөнгөн медаль хүртсэн билээ.

Уулзалтын үеэр дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй тамирчин С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ, А.Даваажаргал, Ц.Солонго нарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top